Оросын Орос, Монголын найрамдал, хамтын ажиллагааны 64 дахь удаагийн өдрүүд эхэллээ. Сарын турш үргэлжлэх найрамдлын өдрүүдийн нээлт өчигдөр Оросын шинжлэх ухаан соёлын төвд нээлтээ хийв. Нээлтэд БНМАУ, ЗХУ-ын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаа болон ОХУ-ын өнцөг булан бүрээс ирсэн зочид оролцсон. 64 дахь удаагийн өдрүүдыг угтаж, орос монгол иргэд мод тарьж, боловсролын үзэсгэлэн дэлгэж, эрдэм шинжилгээний бага хурал, орос хэлний өдөрлөг, урлагийн тоглолт болох юм. ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиков нээлтийн үеэр мэндчилгээ дэвшүүлсэн. Мэндчилгээг бүрэн эхээр нь хүргэе.
Хүндэт зочид төлөөлөгчид, эрхэм анд найзууд аа!
Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны нэрийн өмнөөс Орос, Монголын найрамдал, хамтын ажиллагааны 64 дахь удаагийн өдрүүдийн нээлтийн ёслолд хүрэлцэн ирсэн Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэхэд таатай байна.
Энэ онд Орос, Монголын хамтын түүхийн олон чухал ой, тухайлбал, Халхын гол дээр хамтын ялалт байгуулсны 85 жил, «Улаанбаатар төмөр зам» хамтарсан үйлдвэр үүсгэн байгуулагдсаны 75 жил, Монгол Улсад атар газар эзэмшиж эхэлсний 65 жил, Монголын тал нутгаар нэг бус удаа зочилж байсан алдарт зураач Николай Рерих мэндэлсний 150 жил зэрэг ой тохиож байна.
Сүүлийн жилүүдэд Орос, Монголын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийг нээхэд Оросын үндэсний боловсролын үзэсгэлэн гаргадаг сайхан уламжлал тогтжээ. Үүнийг би санамсаргүй зүйл гэж бодохгүй байна. Манай хоёр орны харилцан ойлголцол, хамтын ажиллагаа нь Зөвлөлт Холбоот болон Орос улсад бэлтгэгдсэн Монголын олон арван мянган мэргэжилтнүүдийг түшиглэн хөгжиж байгаа билээ.
Монгол улсын үндэсний эдийн засагт зориулан боловсон хүчин бэлтгэх тухай Монголын түншүүдийн хүсэлтүүдэд бид ихээхэн анхаарал хандуулдаг. Ирэх хичээлийн жилд зориулан ОХУ-ын Засгийн газраас Монгол Улсын оюутан залууст 620 төсөвт тэтгэлэг дахин олголоо. Үүний зэрэгцээ ОХУ-ын хэд хэдэн хүчний яам, тамгын газрууд тусгай сонгон шалгаруулалтыг явуулдаг. Мөн түүнчлэн Оросын томоохон компаниудын тэтгэлэгт хөтөлбөрүүд байдаг. Бид ОХУ-ын их дээд сургуулиудад монголчуудыг сургах нөхцөлийг сайжруулахаар ажиллаж байгаа бөгөөд оюутнуудаа эрэлт хэрэгцээтэй мэргэжлээр сургах гэсэн Монгол анд нөхдийнхөө хүсэлтийг харж үзэхэд бүх талаар бэлэн байна.
Өнөөдөр үзэсгэлэнд оролцож буй нийт их дээд сургуулиудад талархал илэрхийлье. Ирэх хичээлийн жилд танай шавь нарын эгнээ урам зоригтой, хөдөлмөрч, авьяаслаг монгол залуучуудаар дүүрэн байгаасай гэж ерөөе.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Орос, Монголын найрамдал, хамтын ажиллагааны сар эхэлснийг тохиолдуулан хүрэлцэн ирсэн бүх хүмүүст баяр хүргэе. Энэ онд Монголын нийслэл хот болон аймгуудад Оросын уран бүтээлчдийн хамтлагуудын тоглолт, хамтарсан үзэсгэлэн, семинар, орос хэлний олимпиадууд зохион байгуулагдана.
Монгол анд нөхдөө Орост анх удаагаа эсвэл дахин зочлохыг урьж байна. Орос, Монголын ард түмнүүдийн уламжлалт найрамдал, сайн хөршийн харилцааг хөгжүүлэн бэхжүүлэхийн төлөө Оросын түншүүдтэй хамтарсан төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхийг хүсэн ерөөе.