Монголд анх удаа хэрэгжүүлсэн “Хамтын эрэн сурвалжилга-2024” үндэсний тэтгэлэгт хөтөлбөрийн шилдэг бүтээлээр манай сэтгүүлч О.Бат-Ундрахын “Эрүүл мэндийн даатгалын санг ингэж тонодог” нийтлэл шалгарлаа. Тус хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад нийслэл, орон нутгаас 18 сэтгүүлч тэнцэж, өнгөрсөн дөрөвдүгээр сараас эрэн сурвалжлах сэтгүүл зүйн багц сургалтуудад хамрагдаж, олон улсын туршлагыг судалжээ. Оролцогчид сургалтын явцад таван багт хуваагдаж, сонгосон сэдвийн хүрээнд дадлага, менторын дэмжлэгтэйгээр судалгаа хийж, бүтээл туурвихад шаардлагатай арга зүйд суралцсан байна.
Үүний хүрээнд бэлтгэсэн, манай О.Бат-Ундрахын ахалсан “Дархлаа” багийн бүтээл ийнхүү шилдгээр тодорсон юм. Тус багийн “Эрүүл мэндийн даатгалын санг ингэж тонодог” нийтлэлд хөнгөлөлттэй эмийн жагсаалтад багтаагүй, эмчилгээний зааварт оруулаагүй, олон улсад ч үр дүн нь нотлогдоогүй, “хүнсний нэмэлт бүтээгдэхүүн” гэх ангиллын 111 нэр, төрлийн эмд Эрүүл мэндийн даатгалын сангаас 17 тэрбум төгрөг хууль бусаар олгосон асуудлыг олон нийтэд ил болгожээ. Уг “хэрэг”-т одоо болтол эзэн холбогдогч байхгүй, хэн ч хариуцлага хүлээгээгүй байна.
АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Азийн сан, Олон улсын судалгаа, солилцооны хүрээлэнгийн “Монгол Улсад хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн салбарыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд “Хамтын эрэн сурвалжилга-2024” хөтөлбөрийг Хэвлэлийн хүрээлэнгээс хагас жилийн хугацаанд хэрэгжүүлжээ.