Дональд Трампыг хамгаалж байсан АНУ-ын Нууц алба Флорида мужийн Палм-Бичид байх гольфын клубийн дэргэд буу дуугаргав гэж энэ сарын 15-ны орой хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд шуугих болов. Гартаа зэвсэгтэй сэжиг бүхий хүнийг энэ албаны ажилтнууд анзаараад нэг нь түүн рүү буудсан юм байж. Энэ удаад Нууц алба урьтаж чадсан ч сэжигтэн этгээд машиндаа суугаад зугтаж амжжээ. Эхлээд “Энэ явдал Трампад хамаагүй, хоёр хүн харилцан буудалцсан, Ерөнхийлөгч асан тэдний ойролцоо байж таарч” гэж мэдээлсэн байна. Гэтэл Холбооны мөрдөх товчооны гаргасан мэдэгдэлд уг үйлдлийг Трампын аминд халдах оролдлого гэж үзжээ. Цагаан ордноос гаргасан мэдэгдэлд өгүүлснээр Трамп гольф тоглож байсан газарт буу дуугарсан ч түүний аюулгүй байдал хангагдсаныг АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгч нар дуулж, санаа нь амарчээ гэсэн байна. Үүнд баяртай байгаагаа Камала Харрис мэдэгдээд “Америкт хүчирхийлэл байх учиргүй” гэж хэлжээ. “Миний хажууд буу дуугарсан ч би аюулгүй байдалд, эрүүл саруул байна. Намайг хэн ч зогсоохгүй, би хэзээ ч бууж өгөхгүй. Америкийг дахин агуу болгоно. Та бүхнийг бурхан өршөөг” гэсэн товчхон үгтэй Трампын өөрийнх нь мэдэгдэл олны сонорт хүрэв.
Энэ халдлагын талаар анх мэдээлсэн хүний нэг нь Конгрессийн Төлөөлөгчдийн танхимын гишүүн хатагтай Маржори Тейлор-Грин аж. “Аминд нь халдах гэсэн оролдлогын дараа Трамп гэмтэж бэртээгүй, эрүүл байна. Тэд түүний ялалтад саад болохын тулд бүхнийг хийж байна. Алахыг ч оролдов” гэж тэрбээр мэдээлжээ. Трампын хүүгийн мэдээлснээс үзвэл гольфын талбайн ойролцоох бутнаас АК-47 автомат буу олжээ. Сэжигтэн этгээдийг ч баривчилсан гэнэ. Тэр нь 58 настай Райан Уэсли Рут гэгч байж. Тэрбээр Хавайд амьдардаг нэгэн аж. Хар тамхи хадгалсан, жолоодох эрхгүй атлаа машин унаж явсан, даатгалгүй машин жолоодсон зэргээр1990-ээд оноос хойш хэд хэдэн удаа баривчлагдаж байжээ. Рут бас Украинд байж, эрх баригчдыг нь дэмжиж, зэвсэгт хүчнийх нь эгнээнд орж, байлдах хүсэлтэй байсан гэж Америкийн хэвлэлүүд мэдээллээ. Украин дахь үйл явдалд оролцуулахаар Афганистанд тулалдаж явсан ахмад дайчдыг элсүүлэхийг ч Рут оролдож өөрийгөө Украины Засгийн газрын албан ёсны бус төлөөлөгч гэдэг байж.
Тийм болохоор Тейлор-Гриний бодлоор Украин дахь байлдааныг зогсооход нөлөө үзүүлэхээр амласан Трампын байр суурь Рутийн энэ оролдлогын шалтгаан болсон байж болзошгүй юм. Руттэй Украинд нэг бус удаа тааралдаж байсан сувилагч Челси Уолш түүнийг хүчирхийлэл үйлдэхээр зэхэж, тэр дундаа Орос, Хятадын эрх баригчдад заналхийлж байсныг нь Украинаас буцаж ирээд Вашингтоны нисэх онгоцны буудлын гаалийн албаныханд хэлж байжээ. Украинд нэг сар хагас байхдаа нүүр учирч байсан хүмүүсээс “хамгийн аюултай америкчуудын нэг” гэж бүсгүй Рутийг үзэж байв. Рут есдүгээр сарын 15-нд буу дуугаргаж амжаагүй юм. Энэ оролдлого хоёр дахь нь бөгөөд Трампын аминд халдах гэсэн эхний оролдлого долоодугаар сарын 13-нд болж, 20 настай Томас Мэтью Крукс гэгч цуглаан хийж байсан газрын хажуугийн байшингийн дээвэр дээрээс буудсан байдаг. Түүнийг Нууц албаны ажилтнууд устгасан юм. Уг явдал Нууц албаны ажилд шүүмжлэлтэй хандахад хүргэсэн. Үйл хөдлөл нь сэжиг бүхийн хүн байгааг цагдаагийн ажилтнууд Нууц албаныханд хэлсэн ч холбогдох арга хэмжээ аваагүй аж.
Цуглааны үед Ерөнхийлөгч асны байсан индрээс ердөө 150 метр зайд байгаа байшингийн дээвэр рүү мэргэн бууч хэрхэн гарсан бэ гэх асуудал олны анхаарлыг татсан юм. Үүнээс үүдэн хоёр намынхан хийгээд хууль тогтоогчид Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэгчдийг сурталчилгааны нь үед нэмэлт хамгаалалттай байлгахыг шаарджээ. Ерөнхийлөгч болон уг албыг хашиж байсан хүмүүсийг хамгаалах ажлыг Нууц алба эрхэлдэг аж. Пенсильвани мужийн Батлер хотод Дональд Трампыг цуглаан дээр үг хэлж байхад нь Крукс түүн рүү буудсан. Тэдний хоорондын зай 130 метр байв. Нууц албаны хүний мэдээлснээр Крукс найман удаа буудсан аж. Хэргийн газраас хууль сахиулах байгууллагын ажилтнууд АНУ-д хамгийн түгээмэл байдаг AR винтов хэмээх богино хугацаанд олон хүн хөнөөх чадалтай буу олжээ. Ийм зэвсгийг худалдахыг 1994 онд Америкт түр хугацаагаар хориглож 2004 онд уг хугацаа дууссан ч, сунгалгүй орхисон байдаг. 2010 оноос энэ зэвсгийг АНУ-д олон нийтийн газар энгийн хүмүүсийн эсрэг, түүгээр ч барахгүй ерөнхий боловсролын сургуулиуд дотор ч хэрэглэх болсон байна. “Трампын толгой руу буудахыг Крукс зорьсон, тэр мэргэжлийн хүн биш” гэж шинжээч дүгнэжээ.
“Толгой бол хамгийн хөдөлгөөнтэй бай болохоор мэргэжлийн буудагчид өөр цэгүүдийг сонгож онилохыг хичээдэг” гэж тэрбээр хэлсэн байна. Буу дуугармагц Трамп чихээ дараад бөхийхөд Нууц албаны ажилтнууд түүн рүү ухасхийв. Авраам Линкольны үед хуурамч мөнгө хийгчидтэй тэмцэх зорилгоор Нууц албыг 1865 онд байгуулжээ. 1901 онд АНУ-ын 25 дахь Ерөнхийлөгч Уильям Мак-Кинлийн аминд халдсанаас хойш Төрийн тэргүүн хийгээд түүний гэр бүлийг хамгаалахыг тус албанд үүрэг болгосон түүхтэй. Одоо бол тэдний гол ажил нь энэ болсон байна. Дээр нь Ерөнхийлөгч байсан хүмүүс, Дэд Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчид нэр дэвшигчид нэмэгджээ. Тэгэхлээр саяын нөхцөлд Дональд Трампыг хамгаалах хоёр ч шалтгаан Нууц албанд байсан аж. Цагдаагийн офицер байж, АНУ-ын хэд хэдэн Ерөнхийлөгчийг хамгаалах ажилд оролцож байсан Тим Макмилланы ярьснаар цуглаан болохоос өмнө Нууц албаны ажилтнууд уг газарт очиж, хамгаалах хүнийхээ аюулгүй байдлыг хангахад ямар хүн, хүч хэрэгтэйг тогтоох ёстой юм байна. Хамгаалалт тавих газраа дотоод, дунд, гадаад гэсэн гурван хэсэгт хуваана. Дунд түвшний хамгаалалт тухайн хүнээ цуглаанд оролцогчдоос учруулж болох аюулаас хамгаална. Энэ үүргийг тухайн орон нутгийн хууль сахиулах байгууллага хариуцна. Би яг нь энэ түвшинд ажиллаж байсан гэж Макмиллан хэлжээ. Нууц албаны хэвлэлийн төлөөлөгч Энтони Гуглиелмигийн ярьснаар Трампыг цуглаан дээр үг хэлэх үед мэргэн буучдын дөрвөн баг ажилласны хоёр нь Нууц албаны, хоёр нь орон нутгийн цагдаагийнх байжээ. Круксийг гал нээсний дараа л Нууц албаны мэргэн бууч түүнийг олж хараад буудаж устгасан аж.
Цуглаанд оролцож байсан жирийн хүмүүс буу барьсан залууг буун дуу гарахаас өмнө харсан нь сүүлд тодорхой болжээ. Үл мэдэх нэгэн хажуугийн байшин өөд гарахыг оролдож байхыг олж харснаа тэд ярьсан байна. Грег гэх хүн “Түүний гарт винтов байгаа нь тод харагдаж байсан” гэжээ. Тэгээд тэр хүнийг цагдаа нарт зааж өгсөн байна. “Трамп яагаад үгээ хэлээд байгаа юм бол. Түүнийг яагаад индрээс буулгахгүй байна гэж бодож байтал буу тасхийсэн” гэж Грег хэлжээ. ABC News-ийн сурвалжлагчтай ярилцсан хүчний байгууллагын ажилтнууд хэлэхдээ цагдаагийн офицер тэр байшингийн дээвэр дээр гарах гэхэд буутай этгээд (Крукс) айлгаад, тэр даруй буудаж эхэлсэн байх гэсэн байна. Макмиллан болохоор байшингийн дээвэр дээр байсан хүнийг аюулаас хамгаалах хүчний аль нэг бүлгийнх гэдгийг орон нутгийн цагдаа нар болон Нууц албаны ажилтнууд мэдэх гэж оролдсон баймаар юм гэжээ. Тэрбээр 2004 онд болсон нэгэн явдлыг эргэн дурсжээ. “Тэгэхэд Ерөнхийлөгч Бушийн Нууц албаны ажилтнууд орон нутгийн цагдаагийн тусгай албаныхан болон мэргэн буучдын бүлэг хоорондоо золтой л буудалцчихаагүй юм. Орон нутгийн тусгай албаныхан чухам хаана байрлаж байгааг Нууц албаныханд хэн ч тодруулж хэлээгүй байж. Тэгтэл шүдээ хүртэл зэвсэглэсэн хүмүүс Ерөнхийлөгчид ойрхон зайд байхыг Нууц албаныхан олоод харчихаж.
Эмгэнэлт явдал болохоос хэдхэн секунд л биднийг заагласан” гэсэн байна. Дональд Трампын арын байшингийн дээвэр дээр байсан Нууц албаны хоёр мэргэн буудагч Круксийн хэвтэж байсан дээврийн зүг харжээ. Түүнийг гал нээхээс 40 секундийн өмнө энэ бүхэн болсон нь халдлагын дараахан сүлжээнд байршуулсан цахим бичлэгээс харагдаж байгаа юм. Нууц албаны мэргэн буудагчид үнэхээр дээвэр дээр хэвтэж байгаа хүнийг олж харсан бол тэр хэн болохыг нь мэдэхийг хичээсэн байж таарна хэмээн ВВС-гийн сэтгүүлчийн асуултад хариулахдаа Британийн мэргэн буудагч хэлсэн байна. “Тухайн хүн аюул учруулахыг мэргэн буудагч мэдвэл гал нээх зөвшөөрөл хүсэж, зөвшөөрөл өгсөн тохиолдолд гохоо дарна. Энэ бүхэнд хугацаа хэрэгтэй. Магадгүй алуурчныг гал нээхээс өмнө мэргэн буудагчид зөвшөөрөл авч чадаагүй байж ч болох юм” гэж тэрбээр өгүүлжээ. Трампын аминд халдах гэсэнтэй холбогдуулж Нууц албаны үйл ажиллагааг Конгрессын Төлөөлөгчдийн танхим авч хэлэлцэнэ гэж спикер БНН-ын Майк Жонсон мэдэгдээд байгаа. Уг сонсголын үеэр Нууц албаны төлөөлөгчид төдийгүй Дотоод аюулгүй байдлын яам, Холбооны мөрдөх товчооныхон мэдүүлэг өгнө. “Америкчууд үнэнийг мэдэх ёстой” гэж Майк Жонсон хэлсэн юм. Ташрамд, өнгөрсөн түүхийн сэжүүрээс цухас сөхөхөд, Америкийн Ерөнхийлөгчдийг хамгаалахыг 1901 онд Нууц албанд үүрэг болгосноос хойш түүний хамгаалалтад байсан Ерөнхийлөгч Жон Кеннеди 1963 онд амиа алдсан. Рональд Рейган 1981 онд халдлагад өртөж, хүнд шархадсан түүхтэй.