Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Азийн хөгжлийн банк, “Өнөөдөр” сонин хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах” төслийг 2021-2022 онд хэрэгжүүлсэн билээ. Үүний хүрээнд манай сонин хөгжлийн бэрхшээлийг хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээгээр тогтоох бус, тухайн хүний юу хийж чаддагт нь тохирсон үйлчилгээг санал болгодог олон улсын ICF ангиллыг нэвтрүүлэх шаардлагатай гэсэн санааг дэвшүүлж ирсэн. Тэгвэл энэхүү төслийн үр дүн гарч, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамныхан Үйл ажиллагаа, хөгжлийн бэрхшээл, эрүүл мэндийн ангилал (ICF)-ыг нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Манай улс дээр өгүүлсэнчлэн хүний хөгжлийн бэрхшээлийг ДЭМБ-ын ICD-10 аргачлал буюу Өвчин, гэмтлийн жагсаалтын дагуу тогтоодог. Энэ нь тэдэнд тохирсон аливаа үйлчилгээ, арга хэмжээг оновчтой зохион байгуулж чаддаггүй байж. Тиймдээ ч НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн хорооноос манай Засгийн газарт хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ төрийн үйлчилгээг тэгш хүргэх, халамжийн тогтолцоог сайжруулах, бэрхшээлийн онцлог, хэрэгцээнд тохирсон туслах хэрэгслийг хэрэглүүлэх зэрэг зөвлөмж ирүүлж байв. Үүний дагуу Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Хөгжлийн бэрхшээлийн үйлдлийн чадамжийг тогтоох олон улсын аргачлалыг үе шаттай нэвтрүүлж, салбар дундын нийгмийн үйлчилгээний нэр, төрөл, хүртээмжийг нэмэгдүүлж, мэдээллийн тэгш байдлыг хангана” гэж тусгасан аж. Тус зорилтын хүрээнд болон нийгмийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан ICF-ийг нэвтрүүлж буйгаа салбарын яамныхан хэллээ.
Олон улсын энэхүү ангиллыг нэвтрүүлснээр хөгжлийн бэрхшээлтэй хүн өдөр тутмын амьдралд оролцохдоо яг юун дээр тусламж авч байна, аль үйл хөдлөл нь хязгаарлагдаж буйг, мөн ямар чадвар нь илүү хөгжсөн зэргийг бодитой үнэлж тогтоон, тохирох тусламж, үйлчилгээг хүргэх боломж бүрдэх юм. Өөрөөр хэлбэл, тухайн иргэн төдөн хувь хөдөлмөрийн чадвар алдсан гэхээсээ илүүтэй түүний хийж чадах зүйлсийг нь дээрх ангиллаар тооцож, дэмжих гэнэ.
О.УНДРАХ