Улсын хэмжээнд 18 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд эрүүл мэнд, тэгш хамруулах боловсрол, нийгмийн сэргээн засах тусламж, үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлдэг ганц байгууллага нь Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв юм. Таван жилийн өмнө Сонсголонд байгуулсан уг төвийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүд андахгүй биз ээ. Үйл ажиллагааны онцлог болон бусад асуудлаар тус төвийн Эрүүл мэндийн сэргээн засах газрын дарга Т.Хуангантай ярилцлаа.
-БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Монгол Улс Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвтэй болсон. Төвийг 2019 оны зургаадугаар сарын 1-нд нээжээ. Энэ хугацаанд хэчнээн хүүхдэд тусламж, үйлчилгээ үзүүлээд байна вэ?
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв байгуулах Засгийн газрын тогтоол 2019 онд гарсан. Хүүхдийн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг эрт илрүүлэх, оношлох, сэргээн засах, хоёрдогч бэрхшээл үүсэхээс сэргийлэх, хамт олонд түшиглэн хөгжүүлэх, нийгмийн харилцаанд оролцоход нь дэмжлэг үзүүлэх нь манай төвийн гол зорилго. БНХАУ-ын Засгийн газраас барилга барьж өгөхөөс гадна тоног төхөөрөмж болон тэнд ажиллах хүний нөөцийг бэлдэж, мэргэжилтнүүдийг богино хугацааны сургалтад хамруулсан. Бид тус улсын Засгийн газарт талархах нь зүйтэй. Орчин үеийн тоног төхөөрөмж бүхий энэ төвд Монгол Улсын есөн дүүрэг, 21 аймгаас хүүхдүүд ирж, сэргээн засах эмчилгээнд хамрагдаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв нь Эрүүл мэнд, сэргээн засах, Нийгмийн тэгш хамруулах боловсрол, Захиргаа, удирдлага, Үйлдвэр портез гэсэн дөрвөн газартай. Ашиглалтад оруулсан эхний жилд хүний нөөцийн асуудал тулгарч байсан. Мөн байршлын хувьд хотын төвөөс алслагдсан. Тиймээс энд зорьж ирж ажиллах мэргэжилтэн ховор байлаа. 2019 оны хагас жилийн байдлаар 1047 хүүхдэд амбулаторийн тусламж, үйлчилгээ үзүүлжээ. Тухайн үед “Ковид-19” цар тахал дэгдсэний улмаас сэргээн засах эмчилгээг түр зогсоож, өвчтөнүүдийг хүлээн авсан юм. Түүнчлэн 2020-2023 оны хооронд амбулаториор нийт 16 798 хүүхэд тусламж, үйлчилгээ авсан байна. Мөн энэ хугацаанд 7009 хүүхэд хэвтэн эмчлүүлсэн бол өдрийн эмчилгээнд 2807 хүүхэд хамрагджээ. Харин энэ оны эхний найман сарын байдлаар давхардсан тоогоор 13 887 хүүхдэд тусламж, үйлчилгээ үзүүлсэн байна. Үүнээс 1209 нь хэвтэн эмчлүүлсэн бол өдрийн эмчилгээнд 1197 хүүхэд хамрагджээ. Нийт үйлчлүүлсэн хүүхдүүдийн 10 927 нь нийслэлийнх, үлдсэн нь орон нутгийн харьяалалтай байна. Тусламж, үйлчилгээ авсан хүүхдүүдийн олонх нь 1-4 настай. Монгол Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 115 мянга гаруй иргэн байдаг. Тэдний 13 мянга орчим нь хүүхэд. Бид хүүхэд бүрд хүрч үйлчлэхийг зорьж байна. Мөн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг эрт илрүүлэх ажил өрнүүлснээр үзлэг, эмчилгээний тоо нэмэгдсэн. Тодруулбал, энэ он гарснаас хойш өрхийн эрүүл мэндийн төв болон цэцэрлэгүүдэд эрт илрүүлгийн баг ажиллуулж, 2000 орчим хүүхдэд үзлэг хийлээ. Хүүхдэд нь ямар нэгэн асуудал байгааг эцэг, эх нь анзаарахгүй тохиолдол цөөнгүй. Эрт илрүүлгийн дараа манай төвд эцэг, эхчүүд олноор ханддаг. Тухайлбал, хүүхдийн хөл, тавхайн гажиг, хэл ярианы бэрхшээл, хөгжлийн хоцрогдлыг нь үнэлүүлэх, зөвлөгөө, тусламж авахаар ирж байна.
-Сэргээн засах тусламж үзүүлдгээрээ танай төв бусад эмнэлгээс ялгардаг. Энэ онцлогийнхоо талаар мэдээлэл өгөөч.
-Манай улсад хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг улсын болон хувийн эмнэлэг цөөнгүй бий. Харин хүүхдэд зориулсан сэргээн засах үндэсний төв ганцхан байна. Төрөлхийн болон олдмол бэрхшээлтэй хүүхдийг богино хугацаанд амьдралын зөв дадал хэвшил, чадамжид сургадгаараа онцлогтой. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сул чадамжийг хөгжүүлж, сургуульд сурч, хөгжихөд нь дэм болж өгдөг. Сэргээн засах эмчилгээ гэдэг энгийнээр бие махбодыг сэргээн засахаас гадна хувцсаа өмсөх, халбагаа барьж сурах зэрэг жижиг чадамжийг сайжруулдаг юм. Архаг өвчтэй хүүхдийг бүрэн эдгээх боломжгүй. Харин сэргээн засах эмчилгээгээр хүүхдийн өөртөө үйлчлэх чадамжийг сайжруулах, цаашид сурах, ажлын байранд гарахад нь туслах зэргээр цогц тусламж, үйлчилгээ үзүүлдэг юм.
-Хөдөлгөөн, хөдөлмөр, хэл засалч зэрэг мэргэжилтэн манай улсад ховор. Танай төвд мэргэжилтний хомсдол бий юү?
-Манай төв үйл ажиллагаагаа хэвийн явуулахад 180-аад хүн ажиллах ёстой. Одоогоор 150- иад хүн ажиллаж байна. Сэргээн засахын мэргэжилтнүүд болон хүүхдийн эмч, сэтгэл зүйч, боловсрол хөтөлбөрийн багш, мөн портезын үйлдвэрт хүмүүс ажиллаж байна. Боловсон хүчин дутагдалтай хэвээр. Ажилд авах зар гаргадаг ч ирэх нь цөөн. Өвдсөн хүн сэтгэл зүйн хувьд тогтворгүй байдаг. Үүнтэй адил хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй аав, ээжүүдийн сэтгэл зүй тогтворгүй байх нь бий. Үүнийгээ эмч, ажилтнуудад гаргах явдал цөөнгүй. Эцэг, эхчүүдийн бухимдал их, цалин хангамж хүрэлцээгүйн дээр боловсон хүчин бэлдэх тогтолцоо байхгүйгээс мэргэжилтнүүдийн хомсдол үүсээд байна. Гурван яамны хамтарсан хэлэлцүүлгийн үеэр хөдөлгөөн, хөдөлмөр, хэл засалчийг Боловсролын зээлийн сангаас буцалтгүй тусламжаар сургахаар ярьсан. Хэл засалчийг дотооддоо бэлддэггүй. ОХУ-ын Буриадад сургаж байна. Тэнд мэргэжил эзэмшсэн нь гарын арван хуруунд багтахаар. Манай төвд ОХУ-д хэл засалчаар төгссөн хоёр мэргэжилтэн ажилладаг. Хэл засалчийг Монголд бэлдэх талаар холбогдох газарт нь саналаа хэлдэг ч ажил хэрэг болгодоггүй. Хэдийгэээр хөдөлгөөн, хөдөлмөр засалчийг дотооддоо бэлдэж байгаа ч төгссөн мэргэжилтнүүдийг хувийн байгууллагынхан “шүүрчихдэг”.
-Сэргээн засах чиглэлийн ямар ямар эмчилгээ хийж байна вэ?
-Сэргээн засахын эмч, боловсролын ажилтан хоёр хүүхдийн хөгжлийг үнэлж, хэл яриа, бие махбодын асуудал байна уу, тоног төхөөрөмжийн тусламж шаардлагатай, эсэхийг тодруулсны дараа эмчилгээнд хуваарилдаг юм. Сэргээн засах талаасаа хэл, хөдөлгөөн, хөдөлмөр заслын эмчилгээнд хамруулдаг. Харин боловсрол талаасаа танин мэдэхүй, нийгэмшихүй, урлаг, биеийн тамир, сэтгэл зүй гээд олон сургалт явуулж байна.
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв хотын төвөөс алслагдсан нь ажилтнуудад хүндрэл учруулдаг юм билээ. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн бол?
-Хотын төвд байрлалтай байсан бол ажиллах хүсэлтэй хүн олон байхыг үгүйсгэхгүй. Тухайлбал, Баянзүрх дүүрэгт амьдардаг хүн Сонсголон дахь ажилдаа очихын тулд өглөө, оройдоо хэчнээн цагийг түгжрэлд өнгөрүүлэх вэ. Тиймээс бид энэ оны эхээр асуудлыг шийдвэрлэж, ажилтнуудаа автобусаар зөөж байгаа. Түүнчлэн үйлчлүүлэгчдийг зөөх боломжийг судалж байна. Хол газраас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ дагуулаад өдөр бүр эмчилгээнд хамрагдах амаргүй шүү дээ. Мөн ажилтнуудынхаа цалинг 2-3 шатлалаар ахиулсан. Эрүүл мэндийн бусад байгууллагатай харьцуулахад цалин харьцангуй өндөр. Хүүхэдтэй ажиллаж буй багш, ажилтнуудад 20 хувийн нэмэгдэл олгодог.
-Хэвтэн эмчлүүлэхэд заавал 14 хоног болдог юм байна. Амралтын өдрүүдэд ямар нэгэн эмчилгээгүй. Мөн эхний өдөр цаг авах гэсээр эмчилгээндээ орж амждаггүй. Үндсэндээ есөн өдөр л эмчилгээнд хамрагдаж, бусад цагийг дэмий өнгөрүүлж байна гэх гомдол эцэг, эхчүүдээс байнга ирдэг гэсэн. Хоёр долоо хоног хэвтсэн тохиолдолд ЭМДС-гаас санхүүжилт нь орж ирдэг гэх юм. Энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой юу?
-Эцэг, эхчүүдээс ийм гомдол байнга ирдэг. Гэвч Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтнуудыг амраах ёстой. Бид боломжийг эрэлхийлж байгаа. Жишээ нь, амралтын өдөр төлбөртэй үйлчилгээ үзүүлэх талаар ярьсан. Гэхдээ ажилтнуудаас санал авахад бямба, ням гарагт амрахыг хүсэж байна. Хэвтэн эмчлүүлэх хүүхдүүдийг аль болох өдөр бүр дараалалгүй авахыг хичээдэг. Ялангуяа орон нутгаас ирсэн хүүхдийг тухайн өдөрт нь тусламж, үйлчилгээнд хамруулж байна. Ханиадтай, уушгины хатгалгаатай болон халдварт өвчнөөр өвдсөн бол эмчлүүлсний дараа ирэхийг шаарддаг. Манай төвд өвчний оношоос хамаарч дархлаа султай хүүхдүүд хэвтдэг тул халдвар тараахаас сэргийлж буй юм. Үүнийг эцэг, эхчүүд ойлгохгүй, тухайн өдрөө хэвтэх гэж зүтгэх нь бий. Өөрөөр хэлбэл, манайх эмийн эмчилгээ бус, сэргээн засах үйлчилгээ үзүүлдэг гэдгийг сайн ойлгох хэрэгтэй.
-Хоёр жилийн өмнө энэ төвийн өрөөнүүд хүнгүй, ор нь хоосон байв. Тэгсэн хэрнээ хэвтэн эмчлүүлэх гэсэн хүүхдийн дараалал их байсан. Одоо хэвтэн эмчлүүлэх орны хүрэлцээ ямар байна вэ?
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв үйл ажиллагаагаа явуулаад таван жил л өнгөрч байна. Олон өрөө хүнгүй, хоосон байсан нь үнэн. Одоо бол хүнгүй өрөө байхгүй. Бараг зай талбай нь хүрэлцэхгүй байна. Боловсон хүчний дутагдал, цалин бага зэргээс шалтгаалан эхний жилүүдэд хүүхдүүдийг олноор нь хүлээн авах боломж хомс байжээ. Анх 400 хүүхэд хэвтэн эмчлүүлнэ гэж тооцсон юм билээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд асран хамгаалагчийн хамт хэвтдэг. Тиймээс 150 орчим хүүхэд хүлээн авах боломжтой. Улирлаас хамааран орны ачаалал ихэсдэг. Тухайлбал, сургууль, цэцэрлэг амарсан үед, улсын баяр наадмын өмнө болон дараа, зуны улиралд ачаалал нэмэгддэг.
-Төрөл бүрийн бэрхшээлтэй хүүхдүүд нэг дор тусламж, үйлчилгээ авч буй. Голдуу ямар бэрхшээлтэй хүүхдүүд хэвтэн эмчлүүлж байна вэ. Мөн хараа, сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийг сэргээн засах эмчилгээнд хамруулах талаар ярьж байгаа юу?
-Мэдрэлийн хоёр талын саа, тархины саажилт, аутизмын хүрээний эмгэг, ахуйн гэмтэлд өртсөн зэрэг голдуу тулгуур эрхтний бэрхшээлтэй хүүхдүүд хэвтэн эмчлүүлж байна. Мөн сэтгэцийн хүнд хэлбэрийн эмгэгтэй хүүхдээ хэвтүүлэх эцэг, эх, асран хамгаалагчид манайд ханддаг ч бусдад аюул учруулах эрсдэлтэй тул буцааж байгаа. Харин сэтгэцийн хөнгөн хэлбэрийн өвчтэй хүүхдүүдэд сэргээн засах эмчилгээ хийдэг. Түүнчлэн хараа, сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд анхаарах ёстой. Ийм бэрхшээлтэй хүүхдүүдэд сэргээн засахын ямар тусламж, үйлчилгээ хэрэгтэйг судалж байна. Бэрхшээлээр нь ялгаж болохгүй. Адилхан тусламж, үйлчилгээ үзүүлэх хэрэгтэй. Түүнчлэн бид бүтэн болон хагас өнчин, хүчирхийлэлд өртсөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд урт хугацааны сэргээн засах үйлчилгээ үзүүлдэг. 3-6 сарын хугацаанд байршуулан, тусламж үзүүлдэг. Гэтэл зарим нь асрамжийн газар мэт санаж, хүүхдээ орхиод явсан тохиолдол гарсан.
-Сэргээн засах тусламж, үйлчилгээ удаан хугацааны дараа үр дүнгээ өгдөг гэдэг. Та бүхэн ажлынхаа үр дүнг хэрхэн хэмждэг бол?
-Төвд хандсан хүүхэд бүрийн хөгжлийг анх ирэхэд нь үнэлдэг. Улирал тутамд нэг удаа хэвтэн эмчлүүлэх боломжтой. Тиймээс хүүхдийн хөгжлийн өмнөх түвшинтэй харьцуулан, ахицыг нь хянадаг. Сэргээн засах эмчилгээ нь аль нэг чадамжийг сайжруулахаас биш, эдгээнэ гэж ойлгож болохгүй. Тухайлбал, тэргэнцэртэй хүүхэд эмчилгээний дараа хөл дээрээ алхаж чадаж байгаа нь бидний ажлын үр дүн. Хүүхдээ сэргээн засах эмчилгээнд тасралтгүй хамруулах хэрэгтэй. Зарим нь энд авсан үйлчилгээгээ гэртээ хариад мартчихдаг. Хүүхдийн ахиц, хөгжих боломжийг нь олгоход эцэг, эхийн оролцоо маш чухал. Эндээс авсан сургалтыг гэртээ үргэлжлүүлж, байнга давтах хэрэгтэй. Улирал тутамд хэвтэж, тусламж, үйлчилгээ авах нь хүүхдийн хөгжилд сайнаар нөлөөлдөг. Сүүлийн үед хотжилттой холбоотойгоор хүүхдүүдэд хөгжлийн хоцрогдол үүсэх болжээ. Дэлгэцийн хамаарал, хөдөлгөөний хомсдолоос болж хүүхдүүд хэл яриа, танин мэдэхүйн хоцрогдолтой болж байна. Ямар нэгэн хоцрогдол бий, эсэхийг эцэг, эхчүүд сайн анхаараарай. Өөрчлөлт байна гэж үзвэл манай төвд хандахад нээлттэй. Түүнээс хүүхдээ чимээгүй байлгахын тулд гар утсаа өгч, гэрт нь хориод байж болохгүй. Үүнээс үүдэн хүүхдийн бие махбодод гажиг үүсэж байна. Хүүхэд гүйж харайх, үсрэх боломж нь хязгаарлагдсанаас булчин, шөрмөс нь өвдөж, механик өвчлөлд өртөх нь бий. Ирээдүйд таашгүй олон өвчин үүснэ хэмээн нэгэн эмч судалгааны ажилдаа дурдсан байна билээ. Эрүүл хүүхдүүд хөл, гар өвдлөө гэх нь түгээмэл ажиглагддаг. Мөн хүзүү, цээж, хөлийн тавхайн гажиг элбэг тохиолдож байгаа.
Манай төвийн өөр нэг онцлог нь дотроо портезын үйлдвэртэй. Энд хавтгай тавхай, шагайн гажигтай хүүхдүүдийн насанд нь тохирсон гутал, улавч зэргийг үйлдвэрлэдэг. Мөн хөгжлийн бэрхшээлтэй 20 гаруй хүн ажилладаг юм. Цаашид хүний нөөцийн асуудлыг бодлогоор шийдэх шаардлагатай байна. Хөдөлгөөн, хөдөлмөр заслын чиглэлээр сурах залуусыг дэмжих хэрэгтэй. Нөгөө талаас хөгжлийн бэрхшээлтэй олон мянган хүүхдийн хэрэгцээг бизнес болгох тохиолдол гарсаар байна. Тухайлбал, сэтгэл зүйн болон хөдөлгөөн, хөдөлмөр заслын үйлчилгээг гэрээр үзүүлэх явдал цөөнгүй. Мэргэжлийн хүн, чанартай үйлчилгээ үзүүлж байгаа, эсэхийг хянах систем алга.