Дэлхийн дулаарал, агаарын дундаж температуртай холбоотой дээд амжилтууд толгой дараалан эвдэгдэж, шинэчлэгдэж буй талаар Дэлхийн цаг уурын байгууллага (WMO)-аас мэдээлэв. Сүүлийн 84 жилийн хугацаан дахь хамгийн халуун буюу өндөр температуртай хоёр өдөр өнгөрсөн долоодугаар сард бүртгэгдсэнийг тус байгууллагаас зарласан. Тэгвэл өнгөрөгч наймдугаар сар түүхэн дэх хамгийн халуун сараар “тодорсныг” ч цаг уурын байгууллагаас танилцууллаа. Европын Холбооны Коперникийн цаг агаарын өөрчлөлтийн алба наймдугаар сарын дундаж температур рекорд эвдсэнийг судалгаа, хэмжилтээр тогтоож, түүнийгээ баталгаажуулсан гэнэ.
Америкийн сансар судлалын тэргүүлэх байгууллага НАСА, Далайн болон агаар мандлын үндэсний захиргааны судлаачид ч үүнийг баталж буй бөгөөд “Өнгөрөгч наймдугаар сар дэлхийн түүхэнд тэмдэглэгдсэн хамгийн дулаан, температуртай холбоотой дээд амжилт тогтоосон 15 дахь сар болж байна” гэж дурджээ. Дэлхийн цаг уурын байгууллагаас “Ер бусын өндөр температурын урт хугацааны урсгал үргэлжилсээр байна. 2024 он бөмбөрцгийн түүхэнд байгаагүй дулаан жил боллоо. Олон улсын томоохон, тэргүүлэх мэдээллийн гурван сангийн тооцооллоор Африк, Европ, Өмнөд Америкийн бүс нутагт температур, уур амьсгалын өөрчлөлт илүү эрчимтэй ажиглагдаж байна” гэж мэдээлэв.
Н.МИШЭЭЛ