УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газар (ЕТГ)-ын дарга зэрэг төрийн өндөр албан тушаал хашиж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд асан Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр хэлэлцэхээр товлоод байв. Хурлыг тус шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч С.Болортуяа илтгэн, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүн, улсын яллагч Б.Энх-Эрдэнэ, Ч.Батзориг, шүүгчдэгч Б.Энх-Амгалан, түүний өмгөөлөгч Ө.Цэрэндэжид, Д.Батсүх, шүүгдэгч З.Энхболд нарыг оролцуулан нээсэн. Гэвч З.Энхболдын өмгөөлөгч Х.Баатарсайхан, Д.Алтансүх нар шүүх хурал давхацсан тул хойшлуулж өгөөч гэсэн хүсэлт бичгээр гаргасан юм. Уг хүсэлттэй нь холбогдуулан оролцогчдын саналыг сонсоход шүүгдэгч З.Энхболд “Өмгөөлөгч нарынхаа хамт хуралд оролцож, эрхээ хамгаалуулна” гэснээр шүүх бүрэлдэхүүн зөвлөлдсөний эцэст ирэх баасан гаргийн 08.30 цаг хүртэл хойшлууллаа.
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн гуравдугаар сард дөрөв хоног хэлэлцэн шийдвэрлэсэн билээ. Ингэхдээ тэднийг 40 сая төгрөгөөр торгож, нийтийн албанд ажиллах эрхийг нь таван жил хасахаар болсон юм. Эл шийтгэх тогтоолыг шүүгдэгч хоёр хүн, тэдний өмгөөлөгч нар эсэргүүцэн давж заалдах гомдол гаргасан аж.
ЕТГ-ын дарга байхдаа З.Энхболд хамаарал бүхий “Страто” ХХК болон түүний нэгдмэл сонирхолтой этгээдүүдийн үүсгэн байгуулсан “Их дэлгэмэл ингүүн” компанид давуу байдал бий болгохын тулд тухайн үеийн УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд нөлөөлж, ашигтай шийдвэр гаргуулсан хэрэгт холбогдсон билээ. “Нүүрсний” гэх хэргийн хүрээнд төрийн өндөр албан тушаалтан энэ хоёр хүнийг АТГ-т шалгаж яллагдагчаар татсан. Тодруулбал, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн коксжих нүүрсний ордоос Говьсүмбэр аймагт байрлах баяжуулах үйлдвэр рүү нүүрс тээвэрлэдэг дээрх аж ахуйн нэгжид давуу байдал олгуулсан үндэслэлээр тэдэнд Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсгийн “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн” хэмээн яллах дүгнэлт үйлдсэн байдаг.