Ерөнхий боловсролын сургуулийн багш нар гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнд тулгуурлан урамшуулал авдаг. Гэвч уг үнэлгээний одоогийн тогтолцоо нь үр дүн муутай, багшийг зөв дүгнэж чаддаггүй гэх шүүмжлэл сүүлийн үед байнга гарах болсон юм. Үүнтэй холбоотойгоор үнэлгээний тогтолцоог шинэчлэхээ Боловсролын сайд П.Наранбаяр мэдэгдсэн. Тэгвэл тогтолцоог өөрчлөх саналыг Боловсролын үнэлгээний төвийнхөн эхний байдлаар боловсруулаад буй гэнэ.
Гүйцэтгэлийн үнэлгээний тогтолцоонд багшийн өөрийн болон сургуулийн дотоод үнэлгээг нэмж оруулах саналыг дээрх төвийнхөн гаргасан аж. Мөн өдгөө мөрдөж буй үнэлгээн дэх оролцогчдын тоог цөөлөх нь. Тодруулбал, багш, суралцагч, үнэлгээний багийн оноо, асуулгыг харгалзан дүгнэхээр саналдаа тусгасан байна. Үүнээс гадна багшийн чадамж, үйл ажиллагаа болон суралцагчийн сурлага, мэдлэг чадварт гарсан ахиц, үр дүнг үнэн зөв дүгнэхийн тулд үнэлгээний даалгаврын цахим систем хөгжүүлэхээр төлөвлөжээ.
Боловсролын яамныхан болон салбарын холбогдох байгууллагынхан өчигдөр дээрх саналын талаар хэлэлцэж, цаашид олон талын саналыг авч, тусгах шаардлагатай гэж үзсэн байна. Үүний хүрээнд холбогдох бүх талын төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг байгуулахаар болжээ.
М.ОЧ