Манай улсын усны нийт нөөц 564.8 шоо км бөгөөд үүний 98.1 хувийг гадаргын, ердөө 1.9 хувийг нь гүнийх эзэлдэг. Харин монголчууд нийт хэрэглээнийхээ 80 орчим хувийг газрын доорх өчүүхэн нөөцөөсөө хангаж байна. Дэлхийн хэмжээнд нэг хүний хоногийн усны хэрэглээ дунджаар 100-105 литр байдаг бол манай улсын орон сууцад амьдардаг иргэдийнх үүнээс хоёр дахин их буюу 230-280 литр буй. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага Монгол Улсыг усны нөөцөөр 145 орноос 22 дугаар байрт эрэмбэлсэн ч ирээдүйд хомсдолд орох өндөр эрсдэлтэйд тооцсон. Гадаргын болон газрын доорх усны нөөцийн 70 орчим хувь нь Алтай, Хангай, Хэнтий, Их хянганы нуруу, Хөвсгөлийн уулс зэрэг өндөрлөг хэсэгт, нийт нутаг дэвсгэрийн 30 орчим хувийг эзлэх талбайд бүрэлддэг. Нийт гол, мөрний 68 хувь нь гадагшаа урсгалтай.
Эдгээр баримт нь манай улс усны нөөцөө хамгаалах, зохистой ашиглах чиглэлд онцгой анхаарахаас өөр гарцгүйг, ийм хэрэгцээ шаардлага хоолойд тулсныг баталж байна. “Ирээдүйд аль их усны нөөцтэй улс нь илүү их эрх мэдэл, давуу байр суурьтай байна” гэсэн судлаачдын “прогноз” биеллээ олбол Монгол Улс тэр цагт ямархуу статустай байхыг одоогийн нөхцөл байдлаас төсөөлөхөд тун бэрх. Яг одоо ч, энэ нийтлэлийг бичиж суухад ч, та үүнийг унших цаг мөчид ч Монгол орны усны нөөцийн “тоолуур” гүйсээр, дээрх үзүүлэлтүүд улам дордсоор буй. Учир нь манай улс усны нөөцийг хамгаалах чиглэлд дэндүү алгуур, хойрго хандсаар байна. Нийт нөөцийнх нь хоёр хүрэхтэй, үгүйтэй хувийг эзэлдэг газрын доорх усыг тэжээн тэтгэгч, тогтоон баригч хөрсний усыг нь барилгын компаниуд үрэн таран хийсээр байхад, ганцхан аж ахуйн нэгж монголчуудын жилийн хэрэглээний нэг хувьтай, нийслэлчүүдийн хоёр сарынхтай тэнцэхүйц усыг үнэгүйдүүлж, хий дэмий урсгасаар ахуйд ч дорвитой арга хэмжээ авч хүчрэхгүй өнөөдрийг хүрлээ. Юутай харамсалтай хэрэг вэ, ямар их үрэлгэн зан бэ.
Дээр дурдсан баримтыг тодруулбал, Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн уулзвар орчимд буюу өмнө нь Худалдаа, хөгжлийн банк байсан газарт шинээр барилга барьж буй “Риверстөүн пропертийз” хэмээх компани 2021 оны зургаадугаар сараас хойш 6.5 сая шоо метр хөрсний усыг дүгнэлт, зөвшөөрөлгүй, хууль бусаар шавхаж, борооны ус зайлуулах шугам хоолойгоор урсган хаяад байна. Гэвч холбогдох байгууллагынхан нь зохих арга хэмжээ авч, үйл ажиллагааг нь зогсоож, хариуцлага тооцож чадалгүй хоёр жил боллоо. Хөрсний ус шавхахаа зогсоож, нөхөн төлбөрөө барагдуул хэмээн Усны газраас удаа тавьсан шаардлагыг тэд нохой хуцсан чинээ тоосонгүй. Хууль бус үйл ажиллагаагаа зогсоох нь байтугай “Бид нөхөн төлбөр төлөх ёсгүй, хэрэгжүүлж буй хууль, журмууд чинь хоорондоо зөрчилдөж байна” хэмээн даналзаж, Монгол Улсын Засгийн газрыг шүүхэд өгчхөв. Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд тус хэргийг энэ сарын эхээр анхан шатны журмаар хэлэлцээд, “Риверстөүн пропертийз”-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Гэвч тус компани давж заалдан, шүүх хурлыг урт хугацаагаар сунжруулж магадгүй байна. Ингэвэл хий дэмий урсган хаяж буй хөрсний ус тэр хэмжээгээр нэмэгдэж, нийслэлчүүд үлэмж хохирно гэсэн үг. Учир нь тус компани өдгөө үйл ажиллагаагаа зогсоосон нэртэй ч хөрсний усыг шавхсаар л байгаа юм. Үүний цаана өөр хэдэн компани усны нөөцөөр “тоглож”, хэдий хэр хэмжээний хохирол учруулж байгааг тооцоолох аргагүй. Яагаад гэхээр манай улс дэд бүтэц, барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн усны ашиглалтыг хянаж чаддаггүй. Энэ төрлийн зөрчлийг ихэнх тохиолдолд иргэдийн гомдол, мэдээллийн мөрөөр л “илрүүлдэг”. “Риверстөүн пропертийз”-ийн хууль бус үйл ажиллагааг ч ийм байдлаар тогтоосон юм.
Газрын доорх ус ашиглагчид, тэр дундаа хөрсний устай ойр ажилладаг барилга, зам, дэд бүтцийн салбарынхны үйл ажиллагааг яагаад хянах, анхааралдаа байлгах ёстой вэ. Усны нөөцөө хамгаалж, ирээдүйд үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэх гэсэндээ л тэр шүү дээ. Усанд хайр гамгүй ханддаг хавтгайрсан жишгийг халж, хойч үедээ илүү их боломж, нөөц үлдээх ёстой учраас л тэр юм. Барилга, байгууламж, дэд бүтэц, уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд хөрсний усыг шавхахдаа холбогдох байгууллагуудаас заавал зөвшөөрөл авч, дүгнэлт гаргуулан, хууль, журмын дагуу төлбөр төлөх ёстой. Учир нь ашигт малтмал олборлох, бүтээн байгуулалт хийх явцад хөрсний усыг шавхах нь газрын доорх нөөцийн тэнцлийг алдагдуулах эрсдэлтэй тул ашиглалтын хэлбэр гэж үзэн төлбөр ногдуулдаг. Ялангуяа хот, суурин газар дахь усыг их хэмжээгээр шавхах нь нөөцийг хомсдуулах, цаашлаад хөрсний суулт үүсгэх, барилга, байгууламжид сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэж үздэг юм. Тиймээс хөрсний усыг холбогдох мэргэжлийн байгууллагын хяналтад, тусгай зөвшөөрөлтэйгөөр шавхахыг шаарддаг. Ингэхдээ усыг хаа дуртай газраа асгаж урсгах биш, мөн л зохих зөвшөөрөл, хяналтын дор нэгдсэн шугам сүлжээ, эх үүсвэрт нийлүүлэх учиртай. Гэтэл барилгын компаниуд сүүлийн үед гүний усыг гудамж, талбайд урсгаж, эсвэл ундны эх үүсвэр болсон голууд руу хулгайгаар нийлүүлдэг болж. Мөн аль нэг байгууллагын суваг шуудуу, ариутгах татуургын шугам сүлжээг зөвшөөрөлгүй ашиглан, нууцаар шавхах байдлаар усны төлбөрөөс зайлсхийх “моод”-ыг дэлгэрүүлжээ. Энэ бол монголчууд усны хомсдол, гачаалын бодит аюулын талаар ямар ч төсөөлөлгүй, чиг баримжаагүй байгаагийн илрэл юм.
Улаанбаатар хотын хүн амын унд ахуй, үйлдвэрлэл, үйлчилгээний бүх хэрэглээг Туул голын хөндийг даган байрлах ус хангамжийн найман эх үүсвэрээр хангадаг. Газрын доорх нөөцийг татан авч, хуваарилдаг гэсэн үг. Хэрэв яг одоогийн байдлаар нийслэлийн хүн амын тоо хурдтай өсөн нэмэгдэж, барилга, байгууламж, дэд бүтцийн ажил эрчимжиж, үүнээс үүдэлтэй хөрсний усны зохисгүй ашиглалт гаарвал нийслэлчүүдийн хэрэглээг хангадаг эдгээр эх үүсвэр ч аюулд орох эрсдэлтэйг судлаачид анхааруулж буй. Инженер геологийн судалгааг илүү нухацтай, чамбай хийх шаардлага тулгарсныг ч сануулсаар байгаа.
Газрын доорх болон хөрсний усны түвшин жилийн турш өөрчлөгдөж байдаг гэнэ. Гэтэл манай улсад хот байгуулалттай холбоотой, барилга, дэд бүтцийн аливаа ажлыг гүйцэтгэхдээ инженер геологийн ганц удаагийн судалгааны үр дүн, хэмжилтэд үндэслэн хийсээр буй нь аж ахуйн нэгжүүд тохиромжгүй газар сонгох, улмаар хөрсний ус хэмээх асуудалтай нүүр тулах, байгалийн нөөцийг үнэгүйдүүлэх нөхцөл болдог байна. Цаашлаад хийж бүтээсэн ажил нь чанар, аюулгүй байдлын шаардлага хангахгүй болох эрсдэлийг ч дагуулдаг гэх. Иймд нийслэлийн усны нөөцийг хамгаалж, зохистой хэмжээнд байлгая гэвэл хот байгуулалтын үндэс болсон инженер геологийн судалгааг чанартай, тогтмол хийх хэрэгтэйг Б.Наранчимэг, Б.Аюурзана тэргүүтэй усны инженер, судлаачид сүүлийн үед ярих болсон нь сайшаалтай. Илүү их ярих, мэдүүлэх хэрэгтэй байна.
Манай улсад хөрсний усыг хамгаалах, зохистой ашиглах талаар яриад багагүй хугацаа өнгөрч буй. Г.Мөнхбаярыг хотын дарга байхад буюу 2009 оны үед гэхэд нийслэлээс хөрсний усны менежментийг сайжруулах зорилготой хэд хэдэн төслийг олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхээр гэрээ хэлцэл хийсэн ч өнөөдүүл нь он цагийн уртад замхраад алга болчихсоныг нэгэн судлаач хэлсэн. Одоогийн хотын дарга Х.Нямбаатар ч ажлаа авсныхаа дараахан, Улаанбаатарт шар усны үер асуудал дагуулж эхлэх үеэр “Нийслэлд гурван байршилд хөрсний ус соруулах томоохон хийн шахуурга (насос) байршуулна” гэж мэдэгдсэн. Хотын “отгон” мээр маань хөрсний усны үнэ цэн, ач холбогдлыг бодолцсондоо ингэж шийдвэрлэсэн үү, эсвэл үүнийг үерийн эрсдэлийг нэмэгдүүлэгч хүчин зүйл гэж харсандаа “хөөн зайлуулах” суваг гаргахыг урьтал болгов уу. Ямартай ч хөрсний ус гадагшлуулах нэгдсэн суваг, томоохон сүлжээтэй болбол аж ахуйн нэгжүүд их хэмжээний нөөцийг хулгайгаар урсган хаядгаа больж, гадаргын хуримтлал үүсгэн, түүнийгээ үйлдвэрлэл, үйлчилгээ, голуудын урсцыг тохируулах зориулалтаар ашиглах боломжтойг судлаачид олж хараад байна. Нийслэлийнхэн ч энэ талаас нь харж, хөрсний усыг хаягдал болгож юүлдэг жишгийг халаасай. Задарсан хэрэглээтэй аж ахуйн нэгжүүдтэй өөрөөр, чанга “ярьдаг” болоосой. Их хэмжээний хөрсний ус шавхсан хэрэгт холбогдон, 150 орчим тэрбум төгрөгийн нөхөн төлбөрт унаад буй ч гэмээ хүлээхгүй, өөрсдийгөө өмгөөлсөөр байгаа дээрх компанид “Байгалийн нөөц ашиглах нь хуультай, төлбөртэй” гэдгийг холбогдох байгууллагынхан нь харуулаасай. Ингэж байж энэ төрлийн хулгай зогсоно, зөв жишиг тогтоно. Хөрсний усыг зөвшөөрөлгүй, холбогдох байгууллагад мэдэгдэлгүй шавхах нь ирээдүйн нөөц боломжийг үрэн таран хийж буй, байгалийн нөөцийг үнэгүйдүүлж байгаа нэг төрлийн хулгай юм.
Ж.СУВДМАА