Улсын хэмжээнд эх, хүүхдийн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг ЭХЭМҮТ-ийнхөн хүүхдийн амбулаторийн өргөтгөлийн барилгаа энэ оны IV улиралд ашиглалтад оруулна гэж саяхан мэдээлэв. Тодруулбал, тус төвийн Хүүхдийн эмнэлгийн Хүүхдийн зөвлөх поликлиникийг өргөтгөж, зургаан давхар барилга барих болж, 2022 оны эхний хагас жилд нээлттэй тендер зарлаж байж. Өдгөө энэхүү барилгын ажил 80 хувьтай үргэлжилж буйг ЭХЭМҮТ-ийнхөн хэллээ. Гэвч ханиад, томууны оргил ачааллаас урьтаж амбулаторийн өргөтгөлийг ашиглалтад оруулж амжихгүй аж.
Өдөр, шөнөгүй эх, хүүхэд бужигнаж байдаг эл эмнэлгийн Хүүхдийн зөвлөх поликлиникийн амбулаторийн хэсэг нь ердөө 600-хан ам метр талбайтай бөгөөд тэнд 22 кабинет ажиллуулж байна. Ийм давчуу орчинд амьсгалах ч агааргүйн дээр өвдөж зовсон эх, хүүхдүүд өнгөрсөн хугацаанд уйлж, унтууцаж аргаа барсаар ирсэн. Ашгүй нэг өргөтгөлийн барилгатай болох нь гэтэл бас л хугацаандаа амжихгүй нөхцөл байдалтай болжээ.
Шинэ барилгыг уг нь 9000 ам метр талбайтай, эмч, ажилчдын зорчих урсгалыг тусад нь шийдсэн, өдрийн мэс заслын таван өрөөтэй, орчин үеийн стандарттай байхаар барьж байна. Дээр хэлсэнчлэн энэ сэлүүхэн, тавлаг, шинэ орчинд эх, хүүхдүүд үйлчлүүлэх боломж энэ онд лав олдохгүй л болов уу гэсэн иргэдийн таамаг ч ортой аж. Учир нь барилгын ажил өдгөө 80 хувьтай гэх авч доторх засал нь “зуун задгай” гэнэ. Нэмээд, ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирлын мэдээлснээр нийт 20 тэрбум төгрөгөөр “босгож” буй өргөтгөлийн барилгад өдрийн мэс заслын вакуум таван кабинет тохижуулахад дахин нэмэлт санхүүжилт шаардлагатай болсон аж. Энэ мэт шалтгаанаар барилга, тохижилтын ажил сунжирч болзошгүй байна.