Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-ын дарга Л.Бямбасүрэнг АТГ-ынхан шалгаж эхэлсэн талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн билээ. Түүнийг Нэхэмжлэлийн хяналтын хэлтсийн дарга А.Төвшин болон мэргэжилтэн Б.Номинсувд нарын хамт бусдаас их хэмжээний хахууль авсан гэх үндэслэлээр хойшлуулшгүй ажиллагаа явуулж албадан саатуулсан байна.
Нэг бус удаагийн хээл хахуулийн үйлдлийг хуулийн байгууллагынхан баримтжуулснаар шалгалтын ажиллагааг эхлүүлсэн гэнэ. Бидэнд олдсон мэдээллээр ЭМДЕГ-ын мэргэжилтэн Б.Номинсувдад дотор, уламжлалт, мэдрэл, нүдний өвчний оношилгоо, эмчилгээ, ЭХО, клиник, биохимийн лабораторийн оношилгооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Нандин-ухаан” эмнэлгийн гүйцэтгэх захирал Т.Ариунтуяа, түүний төрөл садны хүн болох “Гэгээн манал” эмнэлгийн захирал Т.Анхтуяа нар 100 орчим сая төгрөгийн хахууль өгч, 1000-аас дээш хүний төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулах квот авсан гэх мэдээлэл байна.
Хахуульд авсан 100 орчим сая төгрөгөө А.Төвшин, Л.Бямбасүрэн нарт хувааж өгч, дээрх хоёр эмнэлэгт квот олгосон хэмээн буруутган мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж буй аж. ЭМДЕГ-ын Нэхэмжлэлийн хяналтын хэлтсийн дарга А.Төвшин 2021 онд уг албан тушаалд томилогдсон бөгөөд Л.Бямбасүрэнтэй найз нөхөд аж. Тэрбээр өмнө нь эм үйлдвэрлэгч, импортлогч “Мөнхийн тун” ХХК-д удирдах албан тушаал хашиж байгаад төрийн албаны шалгуур хангахгүй ч дээрх хэлтсийн даргаар томилогдсон гэдэг.