Мягмар гарагт буюу 9-р сарын 10-ны орой Пенсильвани мужийн Филадельфи хотод одоогийн АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис (Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч) болон ерөнхийлөгч асан Дональд Трамп (Бүгд найрамдах намаас нэр дэвшигч) нар ABC News сувгаар мэтгэлцэв.
Нэр дэвшигчид 90 минутын турш тус телевизийн хөтлөгч Дэвид Муир, Линси Дэвис нарын асуултад хариулав. Эл мэтгэлцээн бол ирэх 11-р сарын 5-нд болох сонгуулийн өмнөх өрсөлдөөний чухал мөч юм. Үндэсний санал асуулгаас харахад нэр дэвшигчдийн хоорондын зөрүү маш бага хэвээр байна.
Нэр дэвшигчид АНУ-ын эдийн засгийг хөгжүүлэх, цагаачлылын хямралыг даван туулах, Орос-Украины болон Газын зурвас дахь мөргөлдөөнийг шийдвэрлэх төлөвлөгөөний талаар мэтгэлцлээ
Инфляц, ажилгүйдэл, татварын тухай
Харрис нээлтийн үеэр хэлсэн үгэндээ өөрийгөө ирээдүйтэй нэр дэвшигч гэж дүгнэсэн бөгөөд Трампыг нөгөө л урьдны "ядарсан зохиолоор" мэтгэлцээнээ хийнэ гэж мэдэгджээ.
"Би Америкийн ард түмний хүсэл тэмүүлэл, эрмэлзэл, мөрөөдөлд итгэдэг. Тийм ч учраас надад боломжийн эдийн засаг гэж нэрлэдэг зүйлээ бодит болгох төлөвлөгөө байгаа" гэж дэд ерөнхийлөгч хэлэв.
"Манай улсыг сүйрүүлж буй инфляц эдийн засгийг аймшигтай байдалд хүргэлээ" гэж Трампын хэлснийг “Rueters“агентлаг иш татсан байна.
Харрис Америкийн гэр бүлүүдэд татварын хөнгөлөлт үзүүлэх төлөвлөгөөгөө танилцуулахдаа гадаадын барааны импортын татварыг нэмэгдүүлэх Трампын алхмыг шүүмжилж, тэрхүү саналыг дундаж давхаргад зориулсан борлуулалтын татвартай зүйрлэсэн байна.
Трамп импортын бараанд татвар ногдуулах саналаа хамгаалж, "Үнийг өсгөхгүй" гэж мэдэгдэв.
Трампын ерөнхийлөгчийн албыг хашсан 2017-2021 оны тухай дүгэхдээ Харрис “Дональд Трамп Иргэний дайнаас хойших манай ардчилалд хийсэн хамгийн ноцтой халдлагыг бидэнд үлдээсэн. .Бидний хийсэн зүйл бол Дональд Трампын үүсгэсэн эмх замбараагүй байдлыг цэвэрлэсэн явдал юм... Дональд Трамп бидэнд “Их хямралаас” хойших хамгийн өндөр ажилгүйдэл үлдээсэн” гэлээ.
Харин Трамп Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргааны үед бие болсон инфляцид Харрисыг шууд буруутгав. Түүний үгээр инфляц нь "Америкийн ард түмэн, дундаж давхарга, бүх давхаргын хувьд гамшиг болсон".
Тэрбээр цагаачлалын асуудал руу шууд шилжин, ямар нэгэн нотлох баримт дурдалгүйгээр "галзуугийн байрнаас" ирсэн цагаачид Мексиктэй хиллэлдэг АНУ-ын өмнөд хилээр урсаж байгаа тухай мэдэгдэв.
COVID-19 тахлын тухай
"Дональд Трамп юу хийснийг, COVID-ийн тал дээр л ярихад, тэрбээр Ши Шинпиныг тахлын үед хийсэн зүйлд нь бараг л талархсан шүү дээ" гэж Харрис хэлжээ.
“2025 төсөл”-ийн тухай
"Өнөө орой та бүхэн "Төсөл 2025" хэмээх нарийвчилсан маш аюултай төлөвлөгөө сонсох болно. Хэрэв Дональд Трамп ерөнхийлөгчөөр дахин сонгогдвол эл төлөвлөгөө хэрэгжүүлнэ”гэж Харрис мэдэгдлээ.
Трамп түүний үгийг үгүйсгэж, "Төсөл 2025"-ыг уншаа ч үгүй гэж хэлэв.
Үр хөндөлтийн асуудал
Нэр дэвшигчид мөн үр хөндөлтийн асуудлыг хэлэлцсэн бөгөөд санал асуулгаар энэ асуудал дээр Харрис давуу байгааг харуулжээ.
Үндсэн хуулиар үр хөндөлтийг зөвшөөрсөн заалтыг Дээд шүүх 2022 онд цуцалж уг асуудлыг муж болгон өөрсдөө зохицуулж байхаар тогтоосон шийдвэрийг Трамп дэмжсэн
“Би үүнийг хийснээрээ хүн бүгдэд маш ач тус хүргэсэн. Энэ шийдвэр зориг шаардсан шийдвэр байсан” гэж Трамп мэтгэлцээний үеэр хэлжээ.
Харин Харрис хатуу хязгаарлалт тавьсан мужуудын шийдвэрийг иш татан үр хөндөх асуудлыг мужуудын түвшинд шилжүүлсэн нь олны хүлээсэн шийдвэр байсан гэсэн Трампын мэдэгдэлд эгдүүцэж байгаагаа илэрхийлсэн.
Хэрэв Конгресс холбооны хэмжээнд үр хөндөлтийг хоригловол та тэрхүү хүулинд хориг тавих уу гэж Трампаас асуухад Ерөнхийлөгч асан ийм зүйл хэзээ ч болохгүй гэсэн ч асуултад тодорхой хариулт өгөхөөс татгалзав.
Израиль, Украины тухай
2023 оны 10-р сарын 7-нд ХАМАС-ын дайчид (АНУ-д террорист байгууллага гэж хүлээн зөвшөөрөгдсөн) Израильд хийсэн халдлагын талаарх хөтлөгчдийн асуултад хариулахдаа Трамп “Хэрвээ би АНУ-ын Ерөнхийлөгч байсан бол халдлага гарахгүй байсан” гэж өмнө нь хэлж байсан үгээ давтжээ.
ОХУ Украины газар нутаг руу довтолсон талаар ч иймэрхүү ижил төстэй хариултыг өгсөн байна.
Mөн тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нарыг "сайн мэднэ" гэж нэмж хэлжээ
"Та нар Хуситууд болон Йементэй холбоотой нөхцөл байдлыг, Ойрхи Дорнодод болж буй үйл явдлыг хар. Ийм зүйл болохгүй байсан. Би энэ асуудлыг хурдан шийдэх байсан. Би ерөнхийлөгчөөр сонгогдсон бол Орос-Украйны дайн аль хэдийн дуусах байсан. Би үүнийг дуусгах байсан” гэж Трамп мэдэгдэв.
Хариуд нь Харрис өрсөлдөгчийнхөө үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын талаар баримталж буй бодлого нь "сул бөгөөд буруу" гэж мэдэгджээ. "Трамдыг дарангуйлагчдад дуртайг нь бүгд мэднэ" гэж Ардчилсан намаас нэр дэвшигч хэлээд "өөрийнх нь хэлснээр тэрбээр анхны өдрөөсөө Цагаан ордны дарангуйлагч байхыг хүсэж байсан" гэж нэмж хэлжээ.
“Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Дональд Трамп ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй нөхөрлөхийн тулд Украиныг орхиж, тусламж үзүүлэхээс татгалзахыг хүсэж байна” гэж Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч мэдэгдэв.
"Дональд Трамп энэ дайныг 24 цагийн дотор дуусгана гэж хэлсэн шалтгаан нь тэбээр зүгээр л энэ дайнд бууж өгнө гэдэгт би итгэлтэй байна" гэж Харрис хэлэв.
“Тэрбээр Путинд хүссэн бүхнээ хийж, Украин руу довтолж болно гэж хэлснийг бүгд сайн мэдэж байгаа. Орос Украин руу довтолсон тэр мөчийг Трамп "гайхалтай" гэж нэрлэж байсныг ч бас бүгд сайн мэднэ" гэж Харрис хэлэв.
Дэд ерөнхийлөгч мөн Бүгд найрамдах намаас нэр дэвшигчийг Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай эелдэг харьцсан гэж буруутгажээ. Тэрбээр цааш нь үргэлжлүүлэн “Дарангуйлагчид болон автократууд Трампыг ерөнхийлөгчийн албан тушаалд эргэн ирэхийг хүлээж байгаа бөгөөд ингэснээр түүнийг удирдах боломжтой гэж тэд үзэж байгаа” гэв.
Трамп, Харрис нарын мэтгэлцээнийг “3 vs 1” буюу “гурвын эсрэг нэг” гэж ажиглагчид болон хэвлэлийнхэн нэрлэж байна. ABC сувгийн хөтлөгч хоёулаа Харрисыг илт, илэн далангүй дэмжиж, Трампыг үг хэлэх үеэр үнэ цэнийг нь дүгнэх замаар доош нь хийхийг оролдсон гэж тэд үзжээ.