Америкийн судалгааны J.D. Power компани Хятадад үйлдвэрлэсэн автомашины чанарыг үнэлсэн хоёр судалгаа хийжээ. Эхний судалгаа нь шинээр худалдаж авсан буюу 2-6 сар ашигласан хүлгүүд, хоёр дахь нь 1-4 жил эдэлсэн автомашинууд дээр хийжээ.
Эхний шинжилгээ нь машиныг эзэмшсэн эхний саруудад гарч болзошгүй аливаа асуудал, дутагдлыг тодорхойлоход чиглэгдсэн бол удаах нь урт хугацааны найдвартай байдал, ерөнхий гүйцэтгэлийг үнэлэхэд оршжээ.
Судалгаанд 32 мянган автомашин эзэмшигчид хамрагдсан бөгөөд тэд нарийвчилсан асуулга бүхий анкетыг бөглөсөн байна. Эдгээр асуулга нь ноцтой механик эвдрэлээс эхлээд чухал ач холбогдол багатай ажиллагаа, эд анги хүртэл өргөн хүрээний асуудлыг тодорхойлох зорилготой юм.
Өгөгдлийг үр дүнтэй тайлбарлахын тулд PP100 (100 нэгж тутамд асуудал) гэдэг стандарт хэмжилтийн системийг ашиглаан бөгөөд энэ нь янз бүрийн брэнд, загварын автомашинуудад гардаг асуудлын давтамжийг харьцуулах боломжийг олгодог аж.
Судалгаагаар чанарын хоёр өөр хандлагыг илрүүлжээ. Нэг талаас хэрэглэгчдийн нийт гомдлын тоо мэдэгдэхүйц нэмэгджээ. Хэрэв өнгөрсөн жил Хятадад үйлдвэрлэсэн бүх автомашины дундаж PP100 оноо 204 гэсэн тоог үзүүлсэн бол энэ жил энэ үзүүлэлт бага зэрэг өсч 212 болжээ.
Энэхүү үзүүлэлтэд нөлөөлсөн гол хүчин зүйлүүдийн нэг нь дээд зэрэглэлийн импортын автомашинтай холбоотой гомдол нэмэгдсэн явдал байв.
Зах зээлийн дээд ангилалд чиглээгдсэн эдгээр тансаг зэрэглэлийн машинуудын асуудал байнга гарч ирэх болсноор PP100 оноог өсгөжээ.
Тухайлбал BMW 100 машинд 213 гомдол, Audi, Mercedes-д тус бүр 215 үзүүлсэн бол Хятадын дотоод үйлдвэрийн Chery 203, Geely 204, Changan 207 гэсэн тоо гарчээ.
Чанарын хувьд тэргүүлэгч байруудыг GAC-Honda, Dongfeng-Honda, GAC-Toyota хамтарсан үйлдвэрүүд эзэлсэн байна.
Хэрэв цэвэр Хятад компаниудын тухай ярих юм бол эхний тавд Chery, Geely, GAC, Changan, Jetour багтжээ. Жагсаалтын хамгийн сүүлд FAW Besturn, Haval, Venucia нар орсон байна.
Дээд зэрэглэлийн автомашинуудаас Porsche 192 PP100 оноогоор тэргүүлж, Lexus 207 оноогоор, Cadillac 211оноогоор удаалжээ.