АНУ-ын Иелийн болон Колумбын их сургуулиас хамтран гаргадаг “Байгаль орчны гүйцэтгэлийн индекс” (EFI)-ээр Монгол Улс 180 орноос 155 дугаар байрт эрэмбэлэгдсэн байна. Манай улс эл индексээр хамгийн өндөр үнэлгээг 2017 онд авсан бөгөөд 66 улсыг ардаа орхин, 114 дүгээр байрт орж байж. Харин үүнээс хойш тасралтгүй хойшилсоор, энэ онд 155 дугаарт жагсжээ. Уг индексийг тооцохдоо агаарын чанар, усны болон хог хаягдлын менежмент, хүлэмжийн хийн ялгаруулалтын хэмжээ, амьтан хамгаалал, тусгай хамгаалалттай бүс нутгийн тогтвортой байдал зэрэг байгаль орчны бүх суурь үзүүлэлтийг авч үзэн, тус бүрд нь үнэлдэг аж.
Монголын хувьд экологийн эрүүл мэнд, амьтны амьдрах орчныг хамгаалах чиглэлд ахиц гарч байгаа ч агаарын чанар, хог хаягдлын менежментээр тааруу гэж үнэлэгджээ. Манай улс агаарын чанарын үзүүлэлтээр 172 дугаар байрт жагсаж, нарийн ширхэгт тоосонцор (PM2.5)-ын бохирдол хамгийн ихтэй орны тоонд багтсан байна. 2024 оны “Байгаль орчны гүйцэтгэлийн индекс”-ийг Эстони улс тэргүүлэв. Тус орон хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлд хамгийн идэвхтэй ажиллаж байгаа нь ийнхүү үнэлэгдсэн аж. Харин удаах байрт Финланд, Грек, Тимор-Лесте, Их Британи оржээ. Өнгөрсөн жилүүдэд тэргүүлсэн Дани улс энэ удаа 10-т жагссан нь нүүрсхүчлийн хийг бууруулах шинэ сорилттой тулгарсантай холбоотой гэж тайланд дурдсан байв.