Говийн их дархан цаазат газрын Б хэсгийн хамгаалалтын захиргаа, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Биологийн тэнхим, Бүгд Найрамдах Австри Улсын Вена хотын Мал эмнэлгийн их сургууль, Норвегийн Хаант Улсын Шинжлэх ухааны их сургууль, ХБНГУ-ын Нюрнбергийн амьтны хүрээлэн, “Олон улсын тахь групп” төрийн бус байгууллагын судлаач, мэргэжилтнүүд хамтран хар сүүлт зээрийн тархац нутаг, байршлын судалгааг манай оронд эхлүүлжээ. Үүнийхээ хүрээнд эр, эм тэнцүү тооны 12 бодгальд нарны эх үүсвэрээр цэнэглэдэг дохиолол бүхий хүзүүвч зүүсэн байна. Ингэснээр хар сүүлтийн нүүдэл, шилжилт хөдөлгөөн, тогтвортой байдлыг хянах, дата өгөгдөл цуглуулах боломж бүрджээ.
“Улаан ном”-д орсон эл амьтны хамгааллыг сайжруулж, олон улсад сурталчлан таниулахын тулд манай улс “Говийн гайхамшигт зургаа”-гийн нэгээр тодруулж, амьдрах орчныг нь сайжруулах, тогтвортой өсөж үржих нөхцөлөөр хангах чиглэлийн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж буй юм. Эрдэм шинжилгээний хүрээлэн, их сургуулиудын судлаачдын хамтарсан дээрх судалгааны ажил ч хар сүүлтийн тоо толгойн тогтвортой байдал, тархац нутгийн өөрчлөлтийг үнэлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээн байгаль орчны салбарынхан үзэж байна.
Ж.СУВД