Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн багшийн хүрэлцээний талаар Боловсролын сайд П.Наранбаяр өчигдөр Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Багшийн дутагдлыг нөхөх чиглэлээр хэд хэдэн арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөснөө тэрбээр онцлов.
Юуны өмнө тэтгэвэрт гарсан багш нарыг цөөн цагаар ажиллуулна гэв. Мөн шинжлэх ухааны чиглэлээр их, дээд сургууль амжилттай төгссөн хүмүүсийг багшийн ажилд татан оролцуулах нь. Түүнчлэн багш бэлтгэх их, дээд сургуулийн төгсөх ангийн оюутнуудыг дадлагажигч багшаар ажиллуулах юм байна. Сургалтын цагийн норм 19 цагт хүрдэггүй зарим багш нарыг хөрвүүлж, ижил төстэй хичээл заалгах төлөвлөгөө бас гаргажээ.
Үүнээс гадна багш дутагдалтай хичээлийг цахим сургалтад шилжүүлэх төлөвлөгөөтэй гэнэ. Одоогоор тэтгэвэрт гарсан багш болон их, дээд сургуулийн дөрөвдүгээр ангийн оюутнуудыг сургууль, цэцэрлэгүүдэд ажиллуулж эхлээд буй аж. Ташрамд дурдахад, улсын хэмжээнд цэцэрлэгийн бүлгийн 508, туслах 443 багш дутагдалтай байна. Ерөнхий боловсролын сургуулийн тухайд бага ангийн болон хими, физик, биологи, англи хэл, математикийн нийт 4292 багш хэрэгтэй гэнэ.
М.ОЧ