Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон 73 настай, зүүн төвийн үзэлтэй Мишель Браньег Ерөнхий сайдаар томилж, Засгийн газраа байгуулахыг түүнд үүрэг болголоо. Брaнье Францын “Бүгд найрамдахчууд” (LR) гэдэг хуучин намын ахмад зүтгэлтэн юм. Тэрбээр 2016-2019 онд Европын Холбооноос Британи гарах нөхцөлийн тухай хэлэлцээрийг удирдаж байснаар олон түмэнд танил болсон хүн.
Макроны төв үзэлт холбоо ээлжит бус сонгуулийн дүнгээр парламент дахь суудлаа алдаж, Марин Ле Пений Үндэсний нэгдэл болон зүүний намуудын эвсэл ч дийлэнх олонх болж, дангаар Засгийн газраа төвхнүүлэх боломжгүйд хүрээд хоёр сар болсны дараа Францын Ерөнхийлөгч шинэ Ерөнхий сайдаа томилов. Парламент 2025 оны төсвөө аравдугаар сард хэлэлцэж эхлэх бөгөөд сонгуулийн дараа бий болсон түгжигдмэл байдлаас гарах шаардлага Францын нийгэмд хүчтэй болжээ. Засгийн газраа тогтвортой байх баталгааг бий болгохын тулд Макрон хангалттай дэмжлэг хүлээх нэгнийг олох гэж Ерөнхий сайдад нэрийг нь дэвшүүлэх хэд хэдэн хүнээс сонголт хийсэн байна. Брaнье 2022 оны Ерөнхийлөгчийн сонгуульд LR намаас нэр дэвших эрхийн төлөө өрсөлдөөд хатагтай Валери Пекресст ялагдаж, хоёрдугаар шатанд Ле Пенийг ялж, Макрон улиран сонгогдсон юм. Энэ кампанит ажлын үед Брaнье цагаачлалд хатуу байр суурьтай байж, Европын Холбооны гишүүн бус улсуудаас Францад нэвтрэх үйл явцыг 3-5 жилийн шалгуур хугацаатай байлгахгүй бол цагаачлал “хяналтаас гарсан” гэж үзэж байв.
Брaньегийн эмхлэн байгуулах Засгийн газрын бүрэлдэхүүнд “Үндэсний нэгдэл” орохгүй гэж Ле Пен мэдэгдээд байна. Францын зүүнтнүүд ч бас Брaньег Ерөнхий сайдаар томилсонд сэтгэл дундуур байгаа аж. Сонгуулиар авсан саналын тоогоор тэргүүлсэн “Ардын шинэ фронт” эвсэлд орсон хэт зүүний удирдагч Жан-Люк Меленшон “Хууль тогтоох байгууллагын сонгуулийн үр дүнг Ерөнхийлөгч албан ёсоор няцаахаар шийдлээ. Сонгуульд тэргүүлэх байр эзэлсэн “Ардын шинэ фронт”-оос Ерөнхий сайдыг томилохгүй нь. Ийм маягаар сонгуулийг Францын ард түмнээс хулгайлав” гэж мэдэгдсэн байна. Зүүний үзэлт депутат Матильда Пано Ерөнхий сайдаар Брaньег томилж буйг эсэргүүцэхийг энэ сарын 7-нд уриалжээ. Мишель Браньег томилсноор Ерөнхийлөгч тусгаар тогтнол, сонгуулийг хүндэтгэхээсээ татгалзлаа гэж тэр үзэж буй юм байна. Мишель Бранье Ерөнхий сайдаар томилогдсон хүний хувиар анх үг хэлэхдээ Францын нийгэмд бий болоод байгаа сэтгэл хангалуун бус байдалд хариулт өгнө хэмээн амлажээ. Халаагаа өгч буй Габриэль Атталиас бүрэн эрхийг нь хүлээж авах ёслолын үеэр тэрбээр Францын сонгогчдыг сэтгэл дундуур болгосон асуудлуудыг шийдэх нь гол зорилт байх болно гэж хэлсэн аж.
Францын Сайд нарын танхимыг тэргүүлсэн 26 Ерөнхий сайд нарын дотроос Мишель Брaнье хамгийн өндөр настай нь болж байна. Түүнд халаагаа өгсөн Габриэль Атталь гэхэд энэ албыг хашиж эхлэхдээ 34-тэй байв. Брaнье де Голлийн “Бүгд найрамдахчууд” (LR) намд олон жил зүтгэсэн, дориун туршлагатай хүн. Евро комиссарын суудалд хоёронтоо сууж, 2016-2021 онд “Брексит”-ээр хэлэлцээр хийдэг Европын Холбооны гол хүн нь байлаа. Түүнийг Ерөнхий сайдаар томилсноор түр Засгийн газрын 50 гаруй хоногийн ажлыг эцэслэн шийдэж байгаа ч тус оронд улс төрийн байдал тогтворжих баталгаа болж чадахгүй гэж шинжээчид үзэж байна. Одоогийн Үндэсний хурал гурав хуваагдсан байгаа. Парламентын Доод танхимд хамгийн олон суудалтай “Ардын шинэ фронт” (NFР) дийлэнх олонх болж чадаагүй, суудлын тоогоор түүний дараа Ерөнхийлөгч Макроны төвийн бүлэг, хэт барууны “Үндэсний нэгдэл” орж буй.
Одоо Үндэсний их хурлаар батлагдах том даваа Брaньег хүлээж байна. Давуу тал хэт барууныханд байгаа гэж зарим шинжээч үзэж буй. Брaнье сонгогдвол Марин Ле Пений “Үндэсний нэгдэл”-ийн байр суурийг бэхжүүлж ч магадгүй. Тэгэхдээ ээлжит бус сонгуулиар олонхын санал авсан зүүнтнүүдийг тооцооноос хасвал алдас болно. “Euronews”-ийн улс төр судлаач Эммануэль Ривьер сурвалжлагчийн асуултад хариулахдаа “Одоо манайд Макрон, Меленшон, Марин Ле Пен гэсэн улс төрийн гурван томоохон тоглогч байна. Эмх замбараагүй байдал бий болгоно гэж үздэг хоёр хүн бий. Энэ бол хэт барууныханд илүү нэр хүнд авчирч байгаа ээлжит алхам юм” гэж хэлсэн байна. Хэрэв Брaньед хууль тогтоох байгууллага итгэл хүлээлгэвэл тэрбээр цаашдаа тарж бутарсан парламенттай гар хөлөө нийлүүлэн ажиллах хэрэгтэй болно. Есдүгээр сарын 20-ноос өмнө улсын төсвөө хорогдуулах саналыг Франц улс Брюссельд тавих ёстой. Европын Холбооноос тогтоосноор тус улс төсвөө 2025 онд 30 тэрбум еврогоор бууруулах шаардлагатай. Аравдугаар сарын 1-нд төсвийн төслөө парламентад өргөн барьсан байх ёстой. Мишель Брaнье улс төрд удаан хугацаанд байхдаа сайдын албыг нэг бус удаа хашсан юм. Байгаль орчныг хамгаалах яамыг толгойлж, хөдөө аж ахуй, загасны аж ахуй эрхэлсэн сайдаар ажиллаж, гадаад харилцааны яамыг ч удирдаж байв.
Мишель Брaнье 1951 онд төрсөн. Эцэг нь аж үйлдвэрийн компанийн захирал байв. Эдний гурван хүүгээс Брaнье л өсвөр наснаасаа улс төр сонирхжээ. 1972 онд Худалдааны дээд сургуулийн Парис дахь салбарыг төгсөж, 1978 онд де Голлын “БНУ-ыг дэмжих нэгдэл” намд элсэв. 1973-1999 онд Савой департаментын ерөнхий зөвлөлийн гишүүн байлаа. 1995, 1997-1999 онд тус департаментаас Сенатын (парламентын дээд танхим) гишүүнээр ажиллав. 1995-1997 онд Ален Жюппегийн тэргүүлсэн хоёр Засгийн газарт Европын хэрэг эрхэлсэн сайд-төлөөлөгч, 2004-2005 онд Гадаад хэргийн сайдаар ажиллав. 2007-2009 онд Франсуа Фийоны Засгийн газарт хөдөө аж ахуй, загасны аж ахуйн сайд байлаа. Европын парламентын гишүүнээр сонгогдсоноор энэ албыг орхиж байж. 2010 онд дотоод зах зээл хариуцсан еврокомиссар болов.
Брaнье 2016 онд “Брексит”-ийн асуудлаар яриа хэлэлцээр хийх гол хүнээр томилогдов. Хэлэлцээр 2017 оны зургаадугаар сард эхэлж, 2019 оны арваннэгдүгээр сард дууссан аж. Ингээд Британи улс Европын Холбооноос гарав.
Тогтвортой Засгийн газар эмхлэн байгуулахад Брaнье одоо дипломат арга туршлагаа дайчлан ашиглах зорилттой тулгарлаа. “Бүгд найрамдахчууд” намын Аньес Эврен “Үндэсний хийгээд Европын түвшинд туршлагаа харуулах чадалтай улс төрийн ховорхон зүтгэлтний нэг. Тэрбээр ярилцагчдаа хүндэтгэх, үзэл бодолдоо хатуу байх чанарыг нэгэн биедээ хамт шингээсэн хүн” гэж Брaньег үнэлсэн байна. Ерөнхийлөгч Макрон чухам энэ чанарыг нь үнэлсэн гэж шинжээчид дүгнэжээ. Брaнье бол сонсож, мэтгэлцэж, батлан нотолж чаддаг хүн гэх үнэлгээг ч олж авч чадсан улс төрч аж.
Украинд болж буй бүрэн хэмжээний дайны талаар Брaнье ямар байр суурьтай байдаг нь Макроны сонголтод чухал нөлөө үзүүлсэнд эргэлзэх юм үгүй. 40 шахам жил улс төрд байхдаа Брaнье Украины асуудлаас хөндий байж, ажиллаж байсан байгууллагынхаа албан ёсны байр суурийг илэрхийлэхээс хэтэрч байсангүй. Харин Европын Холбоо, Францын улс төрийг орхисон үедээ ОХУ болон Украины талаар зоригтой мэдэгдэл хийх болсон байна.
Оростой харилцахдаа Европ аюулгүй байдлаа хангах асуудлаар бага хурал хийх үзэл санааг Брaнье дэмждэг аж. Тэрбээр Украиныг дэмжих бодлогоо Өрнөд үргэлжлүүлэх асуудлаар Норвегийн Ерөнхий сайдтай санал солилцож байснаа 2024 онд сэтгүүлчдэд мэдээлсэн. Түүнчлэн дайн дэгдсэн нөхцөлд Европ тив бие даан өөрийгөө хамгаалдаг, АНУ-аас хамааралгүй байхыг ч дэмждэг. “АНУ-ын Ерөнхийлөгч хэн байлаа ч Украины эсрэг Оросын хийсэн түрэмгийллээс дүгнэлт хийж бид зэвсэглэх ёстой” гэж “Twitter” (Х) хуудсандаа бичсэн байна. “Юу ч боллоо гэсэн Украинд үзүүлэх дэмжлэгээ үргэлжлүүлэх хэрэгтэй. Украинчууд үндэстнээ, тусгаар тогтнолоо хамгаалан тэмцэж, амиа алдаж байна. Тэдний тэмцлийг шударга, хоёрдмол бодолгүйгээр дэмжих ёстой” гэж тэмдэглэсэн юм. Мишель Брaнье гэргий, гурван хүүхэдтэй.