Энэ оны эхний найман сард 16 хүн ДОХ-оор өвчилснийг тогтоожээ. Тэр дундаа өнгөрсөн сард нэг хүн ХДХВ-ийн халдвар авсан нь батлагдсан аж. Он гарснаас хойш илрүүлсэн тохиолдлуудыг өмнөх жилийн мөн үеийнхтэй харьцуулахад нэгээр нэмэгджээ. Бүх тохиолдлыг Улаанбаатар хотод илрүүлсэн аж. Манай улсад анх 1992 онд ХДХВ/ДОХ бүртгэгдэж байв. Түүнээс хойш халдвар авсан хүний тоо одоогоор 384-т хүрээд буй юм. Уг өвчний улмаас нас барсан тохиолдол энэ онд бүртгэгдээгүй гэнэ. Улсын хэмжээнд энэ оны эхний найман сард бэлгийн замаар дамжих халдварт өвчний 6899 тохиолдол бүртгэгджээ.
Энэ нь нийт халдварт өвчний 27.5 хувийг эзэлсэн байна. Бэлгийн замаар дамжих халдвар өвчний тохиолдол өнгөрсөн оны мөн үеийнхээс 38-аар нэмэгджээ. Эл төрлийн халдварт өвчний 45.1 хувийг тэмбүү, 33.8 хувийг заг хүйтэн, 20.8 хувийг трихомониаз эзэлсэн аж. Тэр дундаа тэмбүүгийн өвчлөл өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 402 тохиолдлоор нэмэгдсэн гэнэ. Бүс нутгаар нь авч үзвэл Өмнөговь, Говьсүмбэр, Баянхонгор, Дорнод аймаг болон Улаанбаатар хотод тэмбүүгийн өвчлөл улсын дунджаас өндөр байна.
М.ОЧ