Хавдрын системийн эмчилгээний сүүлийн үеийн дэвшилтэт технологи болох дархлаа эмчилгээг манай улсын ЭМЯ, ХСҮТ, Швейцарын “Рош” компанитай хамтран өнгөрсөн онд нэвтрүүлсэн билээ. Харин энэ оны дөрөвдүгээр сараас хорт хавдартай өвчтөнд уг эмчилгээг хийж эхэлсэн байна. Эмчилгээний үр дүн сайн байгаа талаар тус эмнэлгийн Хими эмчилгээний тасгийн эрхлэгч, хавдар судлалын тэргүүлэх зэргийн эмч Я.Замбалгарав мэдээлэв.
Тэрбээр “Дархлаа эмчилгээ нь хүний өөрийнх нь дархлааны тогтолцоог ашиглан хорт хавдрын эсийг устгахад тусалдаг. Давуу тал нь гаж нөлөө, сөрөг үр дагавар маш бага. Химийн эмчилгээний эм, тариа нь ерөнхий үйлчилгээ үзүүлдэг учраас эрүүл эд, эсүүд өртөж, гаж нөлөө гардаг. Жишээ нь, үс унах, арьс хуурайших, дотор муухайрч бөөлжих, архаг эмгэг сэдрэх гэх мэт. Харин бай болон дархлаа эмчилгээ нь хавдрын эсэд хүрч үйлчилдэг учраас үр дүн сайтай. Дархлаа эмчилгээг элэгний хавдартай өвчтөнд түлхүү хийж байна. Яагаад гэхээр манай улсад элэгний хорт хавдар нийт өвчлөлийн 35 хувийг дангаараа эзэлдэг. Уг хавдрын 70 орчим хувь нь III, IV үе буюу сүүлийн шатандаа оношлогддог учраас системийн эмчилгээ зайлшгүй шаардлагатай. Одоогоор 20-иод өвчтөнд дархлаа эмчилгээ хийлээ.
Зарим нь гурав, дөрвөн удаа курс эмчилгээнд хамрагдсан. Үүний үр дүнд хавдрын хэмжээ нь багассан, бүр хавдаргүй болсон ч тохиолдол бий. Гэхдээ эл эмчилгээ нь элэгний хавдартай хүн бүрд үр дүн өгөхгүй. Бөөрний дээд болон бамбай булчирхайн дутагдалгүй байх ёстой. Мөн элэгний хавдартай хүмүүсийн цөөнгүй нь улаан хоолой, шулуун гэдэсний судасны өргөсөлтэй байдаг. Тиймээс дархлаа эмчилгээнд хамрагдах шалгуур гэж бий. Бид жилд 250-300 өвчтөнийг энэ эмчилгээнд хамруулах шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоо гаргасан” гэв.
Ташрамд дурдахад, хавдрын системийн эмчилгээ нь хими, бай, дархлаа, биологийн гээд үйлчилгээгээрээ ялгаатай. Дархлаа эмчилгээг ХСҮТ-д нутагшуулсны дараа бусад эмнэлэгт нэвтрүүлэх гэнэ. Тус эмчилгээг одоогоор үнэ төлбөргүй хийж буй бөгөөд эрүүл мэндийн даатгалд хамруулахаар ажиллаж байгаа аж.