Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа шатахуун түгээх станцаас үүдэлтэй хөрсний бохирдлыг бууруулах ажлыг эрчимжүүлэх тухай албан даалгавар гаргаж, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд хүргүүлжээ. Байгаль орчин, аялал жуулчлалын асуудал эрхэлсэн өмнөх сайд “Монголд зочлох жил” санаачилгатай холбоотойгоор 2023 онд эрүүл, аюулгүй, цэвэр орчин бүрдүүлэх арга хэмжээний тухай албан даалгавар гаргаж, ШТС-уудыг ариун цэврийн байгууламжаа стандартад нийцүүлэх, олон нийтэд нээлттэй болгох, хөрсний бохирдлыг бууруулах арга хэмжээг байгаль орчны менежментийн төлөвлөгөөндөө тусгаж батлуулахыг шаардсан юм. Тэгвэл шинэ сайд энэ ажлын хэрэгжилтийг нэгдсэн байдлаар дүгнэж, эрчимжүүлэхээр ийм албан даалгавар гаргажээ.
Шатахуун түгээх станцуудыг 2025 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөндөө хөрсний нянгийн болон хүнд металлын бохирдлын түвшин тогтоох судалгааны ажлыг тусгаж, үр дүнд нь тулгуурлан бодитой бодитой арга хэмжээ зохион байгуулахыг тус шаардлагад нэмж оруулжээ. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн ариун цэврийн байгууламжийг стандартын шаардлагад нийцүүлэхэд аймаг, нийслэлийн Засаг дарга нар хяналт тавих бол байгаль орчны үнэлгээ, менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг байгаль орчны газрынхан хариуцах юм байна. Түүнчлэн албан даалгаврын биелэлтийг нутаг дэвсгэрийн хэмжээнд нэгтгэн сар бүрийн 25-ны дотор, нэгдсэн тайланг ирэх оны есдүгээр сарын 15-наас өмнө салбарын яаманд ирүүлэхийг Засаг дарга нарт даалгажээ.
Н.Мишээл