Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан тус салбарын бичиг баримтыг блокчейн технологид шилжүүлж, хуурамч, зөрчилтэй диплом үйлдэж, ажил, албан тушаалд томилдог байдлыг арилгахаа 2022 онд онцолж байв.
Тодруулбал, тэрбээр 2022 онд “Боловсролын салбарт 51 000 багшийн 71 000 диплом бий. Үүнээс 59 000 дипломыг шалгахад 724 нь зөрчилтэй нь тогтоогдсон. Зөрчлийн ихэнх нь цэцэрлэг, бага ангийн багш нараас илэрсэн. Тухайлбал, дипломын дугаар давхацсан, бусдын овог, нэрийг ашигласан, гарын үсгийг дуурайлгасан, дугаар өөрчилсөн, тамга буруу дарсан, регистрийн дугаарыг ашигласан зэрэг 454 зөрчил илрүүллээ. Мөн бүртгэлгүй дипломын дугаар ашигласан 139 зөрчил илрүүлсэн. Тухайн жилд их, дээд сургуульд хуваарилагдаагүй, бүртгэлд огт байхгүй дугаар ашиглаж, хуурамч диплом хийсэн. Дипломыг хуурамчаар үйлдэж, баталгаажуулдаг сүлжээ үүссэн. Боловсролын салбар тунгалаг, шударга байх ёстой. Дипломын зөрчилтэй багш нарт үр хүүхдээ даатгаад орхиж болохгүй. Үүнээс үүдсэн хор хохирлыг мөнгөөр хэмжих боломжгүй. Цаашид БШУЯ, Боловсролын ерөнхий газар, Боловсролын хүрээлэн, Боловсролын үнэлгээний төв, их, дээд сургуулиудад энэ шалгалтыг хийнэ. Энэ жилээс эхлэн их дээд сургуульд элсэгчид, төгсөгчдийн боловсролын бичиг баримтыг блокчейн технологид шилжүүлж, хуурамч, зөрчилтэй диплом үйлдэж, ажил, албан тушаалд томилдог байдал арилна. Мөн магистр, докторын зэрэгтэй хүмүүсийн бүтээлийг плажиризм буюу оюуны өмчийн хулгайн шалгалтад оруулахаар сан бүрдүүлж буй” гэдгийг тодотгож байсан юм.
Тэгвэл салбарын сайд солигдсоноор дээрх ажлыг үргэлжлүүлж буй, эсэхийг Боловсролын яамныхнаас тодруулахад “Боловсролын бичиг баримтыг блокчейн технологид шилжүүлсэн. Өдгөө зөвхөн төгсөгчдийн диплом төдийгүй элсэлтийн шалгалт өгсөн сурагчдын дүнгийн мэдээллийг ч ийм байдлаар бүртгэж байгаа. Энэ нь цаашид оюуны өмчийн хулгай гарахаас сэргийлж буй. Магистр, докторын судалгааны ажлыг оюуны өмчийн хулгайн шалгалтад оруулахаар сан бүрдүүлэх журам нь батлагдсан. Одоогоор Хууль зүй, дотоод хэргийн яамнаас бүртгэлийн дугаараа авахаар хүлээж буй” гэв.