Боловсролын яамны удирдлагууд “Google” болон “Centerm” компанийн төлөөллийг хүлээн авч уулзан, Монголд хромбүүк (Chromebook) угсрах үйлдвэр байгуулах төсөлтэй нь танилцжээ. “Cen¬term” нь 2000 онд байгуулсан, БНХАУ-ын ухаалаг технологи, харилцаа холбоо, мэдээлэл технологийн чиглэлийн компани юм. Тус компаниас “Google”-тэй хамтран багш болон хүүхэд бүрийг зөөврийн компьютертой болгох төслийг 90 оронд хэрэгжүүлж байгаа аж. Уг төслийг Монгол Улсад хэрэгжүүлэхийн тулд дотоодын компанитай хамтран хромбүүк угсрах үйлдвэр байгуулахад дэмжлэг хүсэж буйгаа “Google” болон “Centerm”-ийн төлөөлөл илэрхийлсэн байна.
Үйлдвэр байгуулахаас гадна хромбүүкийг зээлээр олгож, гурван жилийн баталгаа өгөн, эвдрэл гэмтлийг засварлах хүний нөөцийг БНХАУ-д бэлтгэх боломжтой гэжээ. Хромбүүкийг дотоодод угсарснаар зардал хэмнэж, тэр хэрээр олон сурагчийг компьютероор хангах боломжтойг онцлов. Уг төслийн үр дүнд 2028 он гэхэд сурагч бүрийг компьютероор хангах боломжтой гэсэн тооцооллыг дээрх компаниуд гаргасан байна. Боловсролын сайд П.Наранбаяр төслийг үе шаттайгаар хэрэгжүүлэхээс гадна хромбүүкүүдэд монгол онцлог бүхий контент суулгах шаардлагатайг онцолжээ. Мөн Боловсролын яамнаас төсөлд дэмжлэг үзүүлэх боломжийг судлахаар болсон гэнэ.