Эрс тэс уур амьсгалтай манай оронд өвөл шугам хоолой нь хагарах, түлш ховордох, халтиргаа гулгаа нэмэгдэх гээд цөөнгүй асуудал тулгамддаг. Эдгээрээс орон сууцын айлуудад түгээмэл тохиолддог нь халуун, хүйтэн усны шугам хоолойн гэмтэл. Өвлийн бэлтгэл хангах ажлын хүрээнд тавдугаар сараас орон сууцын айлуудын халуун усыг хязгаарлаж, шугам хоолойн засварыг эхлүүлдэг уламжлалт манайд хэдийн тогтсон. Үүнийгээ халаалтын улирал эхлэх цагтай уралдан дуусгадаг нь ч хэвшил болжээ. Харин энэ жил зарим байршлын засвар, үйлчилгээ одоо болтол дуусаагүй байна. Нүдэнд ил харагддаггүй болохоос газар доорх “хот” буюу инженерийн шугам сүлжээ, дэд бүтэц маш хүнд нөхцөлд байгааг салбарын мэргэжилтнүүд нь байнга хэлдэг.
Улаанбаатар хотын хэмжээнд нийт 390 гаруй км урттай дулааны шугам сүлжээ байдаг. Тэдгээрийн ихэнх нь 30-60 жилийн насжилттай. Жил бүр нийслэлийн орон сууц, аж ахуйн нэгж, байгууллагын тоо нэмэгдэж, дулааны хэрэглээ өссөнтэй холбогдуулан шугам сүлжээг өргөтгөх хэрэгцээ шаардлага гарсаар. Тиймээс энэ жил нийт 18 байршилд 15.6 км дулааны магистраль шугамыг шинэчилж буй аж. Шугам хоолойн засвар, шинэчлэлийн ажлыг өнгөрсөн долоодугаар сард эхлүүлжээ. Тэдгээрээс хоёр байршилд ажил хараахан дуусаагүй, хэзээ дуусах нь ч тодорхойгүй.
Тодруулбал, Баянгол дүүргийн нутагт “Техник импорт” компанийн урд талаас 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх дулааны шугамыг шинэчлэх ажил дуусаагүй байна. Уг ажил нэг компанийн хариуцлагагүй үйлдлээс болж хойшилсон гэж албаныхан мэдээлсэн. Түүнчлэн Сүхбаатар дүүрэгт Улсын драмын эрдмийн театраас “Сонгдо” эмнэлэг хүртэлх дулааны шугамыг шинэчлэх ажил үргэлжилсээр буй. Х хорооллоос 25 дугаар эмийн сан хүртэлх шугам сүлжээг шинэчлэх ажлыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын захиалгаар “Икон консалтинг” компанийнхан гүйцэтгэж буй. Харин Улсын драмын эрдмийн театраас “Сонгдо” эмнэлэг хүртэлх шугам сүлжээний шинэчлэлийг Эрчим хүчний яамны захиалгаар “Рутан” компанийнхан хийж байгаа юм.
Албаныхан болон гүйцэтгэгч компаниудын зүгээс есдүгээр сарын 15-нд дулааны шугамын ажлыг дуусгаж, ухсан нүхээ булна гэж мэдэгдэж байв. Гэвч энд тэндгүй ухсан нүхийг тойруулж ногоон тор татсан хэвээрээ л байна. Уг нь энэ сарын 15-наас айл өрх, цэцэрлэг, сургууль халаалтаа авах ёстой. Гэтэл эдгээр байршлын иргэд зуны гурван сар халуун усгүй, халаалтаа хэзээ авах нь тодорхойгүй байна. Тиймээс дээрх байршлуудад шугам сүлжээний шинэчлэлийн ажил хэзээ дуусаж, айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд халаалт, халуун устай өвөлжих нөхцөлийг хэрхэн бүрдүүлэхийг тодруулахыг зорилоо.
“ХҮҮХДҮҮДЭЭ ДААРУУЛАХГҮЙН ТУЛД АНГИУДДАА ЦАХИЛГААН ХАЛААГУУР ТАВЬСАН”
Жамъян гүний гудамж буюу Улсын драмын эрдмийн театраас “Сонгдо” эмнэлэг хүртэлх 900 метр хос шугамыг шинэчлэх ажил өнгөрсөн долоодугаар сард эхэлсэн . Сүхбаатар дүүргийн I, VI, VIII дугаар хорооны хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр хангадаг тус шугам хоолойг анх 1959 онд ашиглалтад оруулж, түүнээс хойш засвар шинэчлэлт хийгээгүйн улмаас насжилтын хугацаа нь хэтэрчээ. Үүнтэй холбоотойгоор дээрх байршлын 350 мм-ийн голчтой хос шугамыг тус бүр нь 500 мм болгон өргөтгөж буй аж. Эл ажлын хүрээнд дээрх байршлын айлуудын халуун усыг өнгөрсөн тавдугаар сарын 15-наас хаасан . Гэвч одоо хүртэл буцааж холбоогүй. Уг нь энэ байршилд цөөнгүй эмнэлэг, хүүхдийн цэцэрлэг, сургууль бий.
Тэдгээрийн нэг болох Сүхбаатар дүүргийн 16 дугаар цэцэрлэгийг зорив. Үүдээр нь ороход туслах багш нь хүүхдүүдээ “Сайхан амарсан уу, дулаан хувцасласан уу” гэж угтана. Эцэг, эхчүүд ч үрсээ дааруулахгүйн тулд дулаахан гэгч нь хувцаслажээ. Хүүхдүүдийн олонх нь эсгий таавчиг өмссөн харагдана. Тус цэцэрлэгийн туслах багшаас халаалт, халуун усгүй нөхцөлд сурагчдаа хэрхэн хүлээн авч буй талаар тодруулахад “Халаалт, халуун усны асуудлыг аравдугаар сард шийднэ гэж сонссон. Албаны хүмүүс тоймтой хариу өгөөгүй. Манайх эцэг эхчүүдэд хүүхдүүдээ зузаан хувцас өмсүүлэхийг сануулж байна. Мөн хүүхдүүдээ дааруулахгүйн тулд ангиуддаа цахилгаан халаагуур тавьсан. Манай цэцэрлэгийн хүүхдүүдийн олонх нь ойрхон гэртэй” гэж байлаа.
Гүйцэтгэгч болох “Рутан” компанийнхнаас тодруулахад захирал П.Бямбабаатар “Эрчим хүчний яамтай анх гэрээ байгуулахдаа тавдугаар сарын 15-наас есдүгээр сарын 15 хүртэл 120 хоногийн хугацаанд шугам сүлжээг бүрэн шинэчилж дуусгахаар төлөвлөж, гэрээ байгуулсан юм. Гэтэл ажил дөнгөж эхэлж байхад УИХ-ын сонгуультай холбоотойгоор зогсоочихсон. Ингээд л долоодугаар сарын 15-наас эхэлсэн. Эхэлсэн үеэсээ тооцвол бидний ажлаа дуусгах ёстой хугацаа уг нь хэтрээгүй шүү дээ. Гэхдээ олон мянган хэрэглэгчийн эрх ашиг хөндөгдөж байгаа учраас бид ажлаа аль болох яаравчлан гүйцэтгэж байна. Одоогоор шугам сүлжээний шинэчлэл 80 хувьтай үргэлжилж байгаа. Ирэх сарын 1 гэхэд бүрэн дуусгана. Харин эндээс 180 метр талбайг нь хойтон жил шинэчлэхээр үлдээж байгаа. Учир нь энэ хэсгийн шугам хоолойг солихын тулд дөрвөн том зам сэтлэх шаардлагатай
Гэтэл хичээлийн шинэ жил эхэлсэн энэ үед гол замуудаа хаачхаар наанадаж түгжрэл ихэснэ шүү дээ. Түүнчлэн ажил удаашрах болсон гол шалтгаануудын нэг нь мэдээллийн санд оруулаагүй шугам сүлжээ цөөнгүй таарсантай холбоотой юм. Тухайлбал, Чингисийн өргөн чөлөөний орчим дахь хэсгээс хуучны усны халаалтын шугам гарсан. Энэ мэт мэдээллийн санд ороогүй шугам хоолойнуудыг илрүүлж, нэгбүрчлэн угсрахад цаг хугацаа их шаардлаа” гэв.
“САНХҮҮЖИЛТГҮЙН УЛМААС ШУГАМ ХООЛОЙ ШИНЭЧЛЭХ АЖИЛ УДААШИРСАН”
10 дугаар хороолол орчимд нийт 30 мянга гаруй хэрэглэгчийг дулаанаар хангадаг шугам сүлжээ бий. Энэ хэсэг 8А магистралийн шугамд хамаарагддаг бөгөөд өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд жил бүр засвар, үйлчилгээ хийдэг аж. Хамгийн сүүлд энэ хэсгийн шугам хоолойг 2021 оны намар сольжээ. Тухайн үед албаныхан нь “Одоо хийж байгаа дулааны шугамын ажлыг сайн гүйцэтгэвэл 5-10 жилийн хугацаанд асуудал гарахгүй байх боломжтой” гэж байв. Гэтэл гурван жил ч хүрэлгүй дахиад л бүгдийг нь сольж, 30 мянга гаруй хэрэглэгч энэ зуныг халуун усгүй давлаа. 10 дугаар хорооллоос 25 дугаар эмийн сан хүртэлх газрыг ухаж, шороог нь хэд хэдэн газарт овоолжээ. Талбайд нэг хэсэг нь кранаар ган хоолойнуудыг зөөвөрлөж байсан бол бусад нь хөндийлсөн газрын доод хэсэгт хоолойг дээш өргөхөд тусална. Тэнд хуучирсан урт ган хоолойнуудыг өргөгч кранаар хоёр, гурваар нь эгнүүлэн тавьж, тэгш газар луу зөөж байлаа.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн байгуулалтын хэлтсийнхнээс шугам сүлжээний шинэчлэл хэзээ дуусах болон ажил удааширсан шалтгааныг тодруулахад “Тендерт шалгарсан зургаан аж ахуйн нэгжийн тав нь 70 хувийн гүйцэтгэлтэй ажиллаж байна. Харин нэг байгууллагын хариуцлагагүй байдлаас болж 30 мянган хэрэглэгч хохирлоо. Үүнээс болж нэгдсэн хучилт хийх боломжгүйд хүрсэн” гэв.
Х хорооллоос 25 дугаар эмийн сан хүртэлх хэсгийн шугам хоолойн шинэчлэлтийн ажлыг “Икон консалтинг” компанийнхан хариуцаж буй аж. Тус компанийнхнаас тодруулахад “Бид дулааны шугам сүлжээ шинэчлэх ажлаа долоодугаар сарын 15-нд эхлүүлсэн. Уг нь гэрээнд заасан хугацаа дуусах болоогүй. Эл ажлыг гүйцэтгэхээр бид материал болон ажиллах хүчний зардалд нэг тэрбум гаруй төгрөгийн зээл авч, зарцуулсан. Санхүүжилтгүйн улмаас шугам хоолой шинэчлэх ажил удааширлаа. Тиймээс санхүүжилтээ шийдчихвэл ирэх сарын 1 гэхэд бүрэн дуусгана. Бидний гүйцэтгэж байгаа энэ хэсгийн засварын ажлын шугам нь 30 мянган хэрэглэгчийг халуун усаар хангадаг. Мөн дагалдах хаалт арматур, силикон, шугам хоолойн тоноглолуудыг угсарч, дулааны худгийг стандартын дагуу суурилуулахаар төлөвлөж байна. Дулааны шугам засах ажил нэрийдлээр зун болгон айлуудын халуун усыг тасалдаг хэмээн иргэд бухимддаг. Харин хуучирсан болон олон жил болсон дулааны шугам сүлжээг солихгүй бол өвлийн улиралд халаалт хэдэн сараар зогсох, халуун усгүй болох, нэг хэсгийн гэмтлээс үүдэн магистралийн шугам бүхэлдээ гэмтэх зэрэг асуудал дагуулдаг” гэсэн юм.
Тус байршилд хамаарах “Golden park” хотхоны оршин суугч Г.Энхчимэг “Манайх зуны турш халуун усгүй байлаа. Хувцсаа угааж, усанд орохдоо ээжийнх рүүгээ явж байна. Уг нь энэ сарын 15 гэхэд халаалт ирэх ёстой байв. Гэтэл манайх одоо хүртэл халуун ус, халаалтгүй хэвээр байна. Сүүлийн үед хүйтний эрч улам л чангарах боллоо. Дахиад ч хүйтэрнэ гэсэн. Тиймээс хүүхдүүдээ аль болох дааруулахгүйн тулд хоёр давхар оймс өмсгөж, зузаан хувцаслаж байна. Саяны хүйтэн өдрүүдэд бага хүүгээ цэцэрлэгт нь явуулсан ч ханиад хүрээд, нус нь гоожчихсон ирсэн. Ер нь цэцэрлэгийнх нь хүүхдүүдийн олонх нь ханиад хүрсэн гэсэн. Багш нь бүр туйлдчихсан байна лээ. Уг нь гэртээ халуун ус, халаалттай бол хүүгээ өөрөө хараад хамт байхыг хүсэж байна. Дулааны шугам сүлжээний шинэчлэлт хэзээ дуусах талаар холбогдох албаныхнаас тодруулахад тун удахгүй гэх аргацаасан хариулт л өгч байна лээ” гэсэн юм.
У.ЦЭЦЭГСҮРЭН