Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, Өмнөговь аймаг дахь Сум дундын ойн анги, “Оюутолгой” ХХК хамтран “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Даланзадгад сумд өчигдөр “Говийн бүсийн ургамалжуулалт” сэдэвт хэлэлцүүлэг, сургалт зохион байгууллаа. “Говь: Цөлжилтийн эсрэг ногоон ирээдүй” уриатай уг арга хэмжээнд ойн салбарын судлаач, мэргэжилтнүүд, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, Ойн газрын дарга Б.Оюунсанаа нар оролцов.
Өмнөговь аймаг дахь ойн сангийн нийт талбай 1.2 сая га гэнэ. Үүний 0.8 сая га буюу 62.1 хувийг ойгоор бүрхэгдсэн талбай эзэлдэг байна. Тус аймаг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он хүртэл 70 сая мод тарьж ургуулан, ойн сангийнхаа хэмжээг нэмэгдүүлэх зорилт тавьсан бол “Оюутолгой”-нхон “100 сая мод” хөтөлбөр хэрэгжүүлж буйг Байгаль орчны газраас нь танилцуулав. Өнгөрсөн онд аймгийнхаа хэмжээнд 546 мянган мод тарьснаар таримал ойн зурвасыг 35.7 га-гаар нэмэгдүүлж, заг тарьж, нөхөн сэргээсэн талбайг 138.5 га-гаар өргөжүүлжээ. Мод тарьж, ургуулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах журмын дагуу 14 сумын 167 хүнд 198.5 сая төгрөг олгосон аж.
Өмнийн говийнхон цөлжилтийн эсрэг тэмцэх, мод тарих чиглэлээр бусад аймаг, бүс нутгийнханд олон талаараа үлгэрлэж байгааг ойжуулагчид энэ үеэр онцолжээ. Ялангуяа газар нутгийнхаа онцлогт тохирсон, унаган модод болох заг, тоорой зэргийг амжилттай ургуулж, говийн бүсийн экосистемийг дэмжиж байгааг дурдав. Цаашид үрийн нөөц бүрдүүлэлт, хамгаалал, санхүүжилтийн асуудалд анхаарах шаардлагатай гэжээ.
Н.МИШЭЭЛ