Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, “Парис-2024” зуны олимп, паралимпийн наадамд амжилттай оролцсон тамирчид, дасгалжуулагчдад төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ. Тухайлбал, Хөдөлмөрийн баатар цолыг пара таеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин У.Сүрэнжавт олгов. Тэрбээр паралимпээс алтан медаль хүртсэн билээ. Мөн
жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, “Парис-2024” олимпын наадмын мөнгөн медальт Б.Баасанхүүд Гавьяат тамирчин цол олголоо. Монголын үндэсний пара хөнгөн атлетикийн холбоо, үндэсний шигшээ багийн тамирчин, “Парис-2024” паралимпийн мөнгөн медальт Ц.Баттулга Гавьяат тамирчин болов.
Пара таеквондогийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Д.Батнасан, Монголын үндэсний пара хөнгөн атлетикийн холбоо, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Махашири нарт Гавьяат дасгалжуулагч цол хүртээв. Сүхбаатарын одонгоор Хөдөлмөрийн баатар, “Парис-2024” паралимпийн мөнгөн медальт Э.Содномпилжээ, Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ, Гавьяат дасгалжуулагч Д.Баттулга, Гавьяат тамирчин, жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч М.Бундмаа, Монголын үндэсний паралимпийн хорооны ерөнхийлөгч Д.Нямхүү, Гавьяат тамирчин, хөнгөн атлетикийн мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт Ц.Раднаа нарыг шагнав. “Алтан гадас” одонг үндэсний шигшээ багийн тамирчин, паралимпийн усанд сэлэлтийн төрөлд анх удаа өрсөлдсөн Х.Номуунд хүртээлээ.
М.ОЧ