АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төвийн доктор, профессорууд манай эмч, багш нарт лекц, сургалт хийж туршлагаасаа хуваалцав. Тодруулбал, тус төвийн Дэлхийн эрүүл мэндийн албаны дэд захирал Майк Гербер, Зүүн Ази, Номхон далайн бүсийн газрын захирал Мишель МакКоннелл нар өчигдөр ХӨСҮТ болон АШУҮИС-иар зочилж, улс орнуудын халдварт өвчинтэй тэмцдэг арга, туршлагуудыг танилцуулж, санал солилцлоо.
Тэд манай улсын “Ковид-19” үеийн хариу арга хэмжээний системд үндэслэн цаашид нийтийн эрүүл мэндийн яаралтай тусламжийг хэрхэн, яаж боловсронгуй болгох талаар зөвлөгөө, мэдээлэл өгсөн байна. Ташрамд, ЭМЯ, ХӨСҮТ-ийнхөн сүүлийн үед олон улсын эмч нартай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч, ойрын хугацаанд гадаадынхантай хоёр чуулзалт, хэлэлцүүлэг өрнүүлээд буй нь энэ. “Дараагийн цар тахал дэгдэхэд Монгол Улс бэлэн үү, халдварт өвчний эсрэг хариу арга хэмжээний тогтолцоог хэрхэн бүрдүүлэх” талаар өмнө нь БНСУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төвтэй хамтран хурал, зөвлөгөөн зохион байгуулсан юм.
О.БАТ