Вьетнам засварчдын амралтын өрөө нь гарааштай залгаа “нууцлаг” гэмээр умгар тасалгаа. Эл өрөөнд модон наар, наахна нь ширээ байх агаад нэмж ганц хоёр сандал уужуу багтвал их юм. Ширээн дээр мөлжсөн яс, гоймонгийн шавхруутай сав, бохир аяга, халбага, хүнсний хог хаягдал хөглөрнө. Нааран дээрх хөнжил, гудсыг сар, жилээр угаагаагүй юм уу гэлтэй дарайсан зузаан хиртэй. Энд утасныхаа дэлгэцийг ширтэж, уйтайхан суугаа эрийг Нүеэн Ким гэдэг. Ажлын хамтрагч Чан Банг Зангийн хамт Монголд ирээд хэдийн таван жил болжээ. Эл хугацаанд нэг ч удаа Вьетнам руугаа буцаагүй гэх.
Нутгаа их санадаг ч очъё гэхээр замын зардал, визийн төлбөр гээд нийт хоёр сая гаруй төгрөг шаардлагатай учраас олон жил хүлцсэн гэх. Ажлын байр нь шалбааг шавхайтайн дээр хогонд дарагдаж, тоос шороо чигжсэн, бохир, ундуй сундуй гарааш. Хэдий тийм ч тэд гомдоллох эрхгүйгээр ажилладаг.
Ер нь бусад ажилчинтай харьцуулахад шилжин суурьшсан ажилчдын албадан хөдөлмөрт өртөх эрсдэл гурав дахин өндөр ажээ. Монгол Улсад ч гадаадын иргэд, ялангуяа албан ёсны бүртгэлгүй, байнгын бус статустай ажилчид хөдөө аж ахуй, барилга, гар үйлдвэрлэл болон ойн аж ахуй, машин засвар, уул уурхай зэрэг салбарт хөдөлмөрийн мөлжлөгт өртөх эрсдэлтэйг олон улсын байгууллагын саяхны судалгаанд дурдсан байна. Зарим тохиолдолд тэдгээр иргэн бие махбодын хүчирхийлэл, дарамт шахалтад өртдөг бөгөөд цалин хөлсийг нь өгөхгүй байх, эсвэл бичиг баримтын зөрчилтэйг нь Гадаадын иргэн харьяатын газар (ГИХГ)-т мэдэгдэнэ гэх сүрдүүлэгт автдаг тухай судалгаанд хамрагдсан ажилчдын төлөөлөл хэлжээ. Эрсдэлтэй нөхцөлд буй эдгээр гадаад ажилтны тоонд авто засварын газарт ажилладаг вьетнамчууд ордгийг уг судалгаанд оролцогчид мөн онцолжээ. Тиймээс сэтгүүлчид хамтран вьетнам авто засварчдын ажил, амьдралыг сурвалжилсан юм.
Нийслэлд вьетнам гэх тодотголтой авто засварын газар олон. “Цайз” зах, Зуун айл, III, IV хороолол, I хороолол, Дэнжийн мянга гээд хотын булан, тохой бүрд вьетнам засварчид ажилладаг. Тэд хариуцлагатай, ажилсаг, тууштай хэмээн ажил олгогчид нь ам сайтай. Гэвч засварчид хоногийн 24 цаг гараашнаасаа бараг гардаггүй. Ажлын орчин нь дуу чимээ ихтэй, бохир заваан, зарим нь бүр огиудас хүрмээр. Будаг, химийн бодис үнэртэж, тоос тортог битүү цайрч, нүд хорсгоно. Шалаар нь цахилгааны утас хөглөрч, хагарч хотойсон хэсэгт ус тогтжээ. Гэвч тэд аюулгүй байдлаа хангасан ажлын хувцасгүй, амны хаалт зүүсэн нь ч тоотой харагдана. Гараашиндаа ажиллана, унтана, хооллоно, угаана, арчина. Барагтай л бол орж, гарахгүй, цаг наргүй ажиллана. Их л сайндаа нэг авто засвараас нөгөө рүү очно. Бусад цагийг ажиллаж өнгөрүүлнэ.
Өглөөнөөс шөнө болтол ажиллаж, унтахын тулд л гараашны аль нэг булан тохой дахь “нууцлаг” оромж руугаа орно.
Гараашны булан дахь оромжийн зарим нь илүү ч үгүй, дутуу ч үгүй гурван алхам. Үүнээс ч бага зайтай нь ч байх. Агааржуулалтгүй, эрүүл ахуйн хувьд онц муу үнэлгээ авахаар, тоосонд дарагдсан үнсэн саарал оромжууд. Ганц, хоёрхон нь нийтийн байранд амьдарч байхтай таарсан. Гэвч ариун цэврийн хувьд бусдаасаа дээрдэх зүйлгүй. Энд зөвхөн унтаж амрахын тулд ирдгээ тэд ярьсан. Зарим нь гараашныхаа салхивчаар дамжиж ордог өрөөтэй. Монголд ажиллаж, амьдарч буй вьетнам засварчдын нийтлэг амьдрал энэ. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн наад захын нөхцөлийг хангаагүй орчинд тэд ажиллаж, амьдардаг ч монгол хэл мэдэхгүй, гомдол гаргадаггүй, нийгмийн үйлчилгээ авч бүр ч чаддаггүй.
ТЭД ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ
Олонх нь 10.00-01.00 цаг хүртэл, эсвэл 12.00-02.00 цагийн хооронд машин засдаг хэмээн хариулсан. Хоногт ихэнхдээ 14-15 цаг, шаардлагатай үед унталгүй үүр цайтал ажилладаг аж. Ажил ихтэй үед 24 цаг борви бохисхийхгүй ажиллах нь ч бий. Бямба, ням гарагт ч тэдний олонх нь амардаггүй. Өөрөөр хэлбэл, тэд долоо хоногт 100-гаас илүү цагаар ажилладаг ажээ. Харин манай улсын Хөдөлмөрийн тухай хуульд ажилтны ердийн ажлын өдрийн үргэлжлэл найман цагаас хэтрэхгүй, долоо хоногийн ажлын цаг 40 цагаас илүүгүй байхаар заасан. Мөн нэг өдөрт ажиллах илүү цагийн дээд хязгаар нь дөрвөөс илүүгүй байдаг. Тиймээс долоо хоногийн ажлын цагийн дээд хязгаар нь 56-гаас илүүгүй байх ёстой. Гэтэл долоо хоногийн нэг өдөр нь амраадаг гэж нэг, хоёрхон газрын эзэд дурдсан. Дийлэнх нь долоо хоногт огт амралтгүй ажилладаг. Тэгсэн хэрнээ илүү цагийн мөнгө ч авдаггүй. Үүндээ тэд хэдийн дасжээ.
Нэгэнт мөнгө хураахаар ирсэн тул гомдоллохгүй гэдгээ ч хэлэв. Аль болох ахиухан мөнгө хурдан хурааж, харих хүсэлтэй.
Нэг машин гараас гарлаа, дараагийнх нь ороод л ирдэг. Эсвэл ар араасаа хүлээгдэж л байдаг. Сул цаг ховор гэсэн. Ингэж ажиллаад зарим нь сард хоёр сая төгрөг авдаг. Үүнийхээ нэг сая төгрөгийг гар дээрээ, үлдсэнийг вьетнам дахь дансандаа хийдэг аж. Хувилж авахаар цалингийн нөхцөл тохирсон нь арай өөр үнэлгээтэй. Зассан машиныхаа тоогоор буюу олсон орлогоосоо хувь тооцож, 8-10 сая төгрөг авдаг гэсэн үг. 10 сая төгрөгийн цалин авдаг нь онхолдсон, мөргөлдсөн, сэвтэй машиныг “шинэ” болтол нь засдаг, ур чадвартай засварчид ажээ. Ер нь дундаж цалин нь гурван сая төгрөг юм билээ. Цалингаа сард нэг удаа авна. Хөдөлмөрийн гэрээ байгуулсан, эсэх нь тодорхойгүй. Зарим нь гэрээ байгуулсан гэж хэлсэн ч монгол, эсвэл англи хэлээрх ямар нэг гэрээ ажил олгогчоос, ажилтнаас, албаныхнаас ч олдсонгүй.
ӨДӨР БҮР ГОЙМОН...
Гараашны аль нэг булан тохойг хөргөгч, хоол бэлтгэлийн хэсэг, ногоо, будааны тавиур “эзэгнэнэ”. Бараг бүх гарааш адил юм билээ. Завтай хэсэг нь өөрсдөө хоолоо хийнэ. Гэхдээ тоос, шороотой, ил задгай, эрүүл ахуйн наад захын шаардлага хангаагүй орчинд хоолоо бэлтгэдэг. Тэд ойр орчмын дэлгүүрээс хүнсээ авна. Завгүй нь бэлэн гоймон иднэ. Гоймонгоо хайрцаг хайрцгаар нь авч хадгалжээ. Өдрийн хоолонд үүнээс өөр сонголт үгүй. Орой ч бас давтагддаг. Цалин сайтай мастер засварчид “Их наяд”-аас хүнсээ бөөнөөр нь захиалж авчруулдаг. Тодорхой хэлбэл, вьетнам засварчдыг вьетнам хүнсээр хангадаг сүлжээ бий болжээ. Учир нь вьетнам хүнд монгол хоол тохирдоггүй. Өөх, тостой хоол хурцдаж, бялуурч, гүйлгэж, суулгадаг аж. Ер нь л монгол хоол зохидоггүй учраас хэчнээн олон цаг ажиллаж, ядарсан ч голдуу ногооны орцтой хоол иддэг. Гараашиндаа нохой, тахиа тэжээж буй вьетнам хүнтэй хэд хэд таарсан. Хүнсэндээ хэрэглэхээр тэжээж буйгаа тэд хэлэв.
ЖОРГҮЙГЭЭР ЭМ АВДАГ
Вьетнам засварчдаас эрүүл мэндийн даатгалтай гэж хариулсан нь хуруу дарам цөөн. Тиймээс өвдсөн үедээ ихэвчлэн эмийн сан руу алхана. Зарим үед бусад засварчнаас эм авна. Эм, тариагаар л өвчнөө “аргацаадаг”. Аминд тулсан үедээ хувийн хэвшлийн эмнэлэгт үзүүлдэг. Хилээр орж ирснийхээ дараа оршин суух виз мэдүүлэхийн тулд хувийн эмнэлэгт эрүүл мэндийн үзлэгт хамрагддаг. Оромж дахь гудасны хажууд элдэв эм хөглөрөх нь энүүхэнд.
Гарааш дахь хоолны ширээ, жижиг салхивчны тавцан дээр хаа сайгүй эм. Эмчид үзүүлэхгүйгээр, жоргүйгээр, дохио зангаа ашиглаж эм авдаг гэх.
Зарим үед монгол эзэд нь эм авч өгдөг байна. Эрүүл мэндийн даатгалгүйгээс гадна тэд нийгмийн даатгалын шимтгэл ч төлдөггүй юм билээ. Уг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43.2.7-д ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах гэж заасныг бараг хэрэгжүүлдэггүй ажээ. Монгол Улс ажлын байрны төлбөр гэж авч л байгаа бол дээрх иргэдийн эрүүл мэнд, нийгмийн хамгаалалд нь анхаарах, ажил олгогчоор эдгээр даатгалыг төлүүлэх ёстой болов уу.
ГЭМТ ХЭРЭГ, ХАЛДЛАГАД ӨРТӨХ НЬ ИХ
Вьетнам засварчдыг дээрэлхэх хүн захаас аваад бий. Гудамжны архичид тэдний зүрхэнд оржээ. Архичид голдуу хоол хүнсийг нь “сэгсэрдэг”. Бусад нь бэлэн мөнгийг нь дээрэмддэг. “Машин тэрэг дутуу заслаа” хэмээн аар саар шалтаг гаргаж зодно, үнэгүй засуулах гэж дайрна. Биед нь гэмтэл учруулна, хөмсгийг нь сэтэлнэ, хамрыг нь хугална, нүүрийг нь хөх эрээн болгоно. Ингээд л ГССҮТ-д хүргэгдэнэ. Харамсалтай нь, ГССҮТ-ийнхөн гадаадын иргэн бэртэж гэмтсэн гэх тоо бүртгэл хөтөлнө үү гэхээс биш, улс орноор нь ангилж статистик гаргадаггүй юм байна. Гудамжны архичдаас авхуулаад “Босоо хөх Монгол”-ынхон хүртэл үе үе ирж, засварчдын амар заяаг нь үзүүлдэггүй ажээ. Тиймээс цөөн хэдэн авто засварын газарт камер суурилуулжээ. Зарим нь ажил эхлэхээс дуусах хүртэл “манаачтай”. Манаач нарын цөөнгүй нь эмэгтэй. Өмнө нь засварчид байнга шөнө ажилладаг байсан юм билээ. Гэвч авто засварын эргэн тойронд дэн буудал, баар, кафе олон. Тиймээс халамцаж хөлчүүрхсэн танхай иргэд авто засварын газар луу орж асуудал үүсгэх нь ихэссэн. Ачаалал ихтэй үед монгол ажилтнууд нь хамт хонодог байна. Нөгөө талаар хэдэн машин зассаныг нь хянадаг аж.
Ажил олгогч эздийн хувьд “Вьетнамчууд бичиг баримтаа барьцаанд тавьж мөрийтэй тоглодог учраас хурааж авдаг” гэх тайлбарыг ГИХГ-ынханд хэлжээ.
Цагдаагийнхнаас хэрэг, зөрчлийн талаар тодруулахад “Цагдаагийн байгууллагын статистик мэдээллийн сангаас шүүж үзэхэд сүүлийн таван жилд Вьетнам улсын 19 иргэн гэмт хэргийн золиос болсон. Эсрэгээрээ вьетнамын долоон иргэн гэмт хэрэгт холбогдсон. Энэ оны эхний хагас жилийн байдлаар гурван ч вьетнам иргэн хохирсон” гэх мэдээлэл өгсөн. Ганц жишээ дурдахад, Баянзүрх дүүргийн IV хороонд байх нэгэн вьетнам засварын газарт нэр бүхий иргэд халдаж, гар утас, будаг, бодис авахаар эзнээсээ авсан 200 мянган төгрөгийг нь дээрэмджээ. Эл хэрэг 2023 оны есдүгээр сарын 29-нд гарсан байна.
БИЧИГ БАРИМТЫН ЗӨРЧИЛТЭЙ ЮҮ
Бичиг баримтгүй, барьцаанд байгаа аятай вьетнам иргэнтэй нэг бус удаа таарлаа. Тэд бичиг баримтынхаа зургийг утсан дээрээ хадгалжээ. Яагаад биедээ авч явдаггүйг лавлахад “Монгол дарга мэднэ” гэж цөөнгүй нь хариулна лээ. Монгол эзэн рүү утсаар залгахад “Визийг нь сунгах гээд түр авсан” хэмээв. Гэвч гар утсан дээрх зургаас харахад виз нь дуусах болоогүй, 45 хоногийн хугацаа үлдсэн байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, виз сунгуулахын тулд сар хагасын өмнө бичиг баримтыг нь хурааж авчээ. Ер нь бидний очсон газрын дийлэнх засварчид бусдынхаа адилаар зураг харуулах, эсвэл даргатай ярь хэмээн гар утсаа сарвайх аж. Утсаар ярьсан дарга нь мөн л “Визийг нь сунгуулахаар авсан” гэх. ГИХГ-аас энэ талаар тодруулахад визийг ажлын тав хоногт сунгадаг хэмээх хариулт өгсөн. Үүнээс гадна зарим засварчны өрөөтэй танилцах хүсэлт тавихад “Түлхүүр байхгүй, эзэнд бий” гэж хариуллаа. Өглөө ажил дээрээ ирэхдээ эзэндээ түлхүүрээ өгч, шөнө унтахаар орохдоо л түлхүүрээ авдаг ажээ.
МОНГОЛ ЭЗЭД ЮУ ЯРИВ
Засварчдын бичиг баримт биед нь байхгүй тохиолдолд бид монгол эзэд рүү нь холбогдож, үзэж болох, эсэхийг лавлан, сурвалжилга хийж яваагаа хэлсэн юм. Зарим нь “Хариулах албагүй” гэж хэдэрлэсэн бол 9194... дугаартай Ууганаа гэх иргэн “Та нар ямар эрхтэй юм, ХНХЯ-наас хэн гэдэг мэргэжилтэн яваа юм. Би ХНХЯ руу ярина, та нартай ярихгүй” хэмээсэн. Сүхбаатар дүүргийн нутагт дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг гараашны түрээслүүлэгч Б.Т давхар хамгаалагч хийдэг. Вьетнам нөхөртэй энэ эмэгтэйгээс засварчид ийм бохир орчинд хоол хүнсээ бэлтгэж буйд анхаарал тавьдаг, эсэхийг лавлахад “Хүн ямар орчинд юугаа идэж уух нь өөрсдийнх нь эрх” гэлээ. Өөрөөр хэлбэл, гараашаа ашиглуулж, орлогынх нь 20 хувийг авдаг эл эмэгтэй эдгээр хүний эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрахад төдийлөн анхаардаггүй, оруулж ирсэн компанийн асуудал хэмээсэн юм.
“ВЬЕТНАМ ИРГЭДИЙН ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ БАЙХ, АМЬД ЯВАХ ЭРХ ЗӨРЧИГДӨЖ БАЙНА”
НЭМҮТ-ийн Орчны эрүүл мэнд, нөлөөллийн үнэлэмжийн албаны эрдэм шинжилгээний ажилтан Н.ЭНХНАРАН “Вьетнам иргэд наад захын эрүүл ахуйн шаардлага хангаагүй, хөдөлмөрийн аюулгүй байдлын хамгаалалтгүй орчинд ажиллаж амьдарч байна. Энэ их тоос шороо, будаг бодисын үнэр мэдээж ажилтны эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Эрүүл, аюулгүй байх, бүр амьд явах эрх нь зөрчигдөж байна. Энэ нь хүний эрхийн ноцтой зөрчил. Ийм орчинд ажиллаж, амьдарч байгаа хүн наад зах нь өвчин тусна. Гэдэсний халдвар авна, амьсгалын замын өвчин тусна, харшилтай болно гээд бөөн эрсдэл дунд амьдарч байна. Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн улсын байцаагч нар үүнд анхаарах хэрэгтэй, ажилтнууд өөрсдөө ч эрхээ шаардах эрхтэй” гэв.
Мөн вьетнам засварын газруудаар цөөнгүй жил хяналт шалгалт хийсэн нэгэн албаны эх сурвалж ийн мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Паспорт, эсвэл оршин суух үнэмлэх нь заавал эзэндээ байх ёстой. Яагаад гэвэл Монгол Улсын Үндсэн хууль болон Гадаад иргэний эрх зүйн байдлын тухай хуульд “Хориглосноос бусад тохиолдолд Монгол Улсын иргэний нэгэн адил эрх, үүрэг эдэлнэ” гэж заасан. Бичиг баримтыг нь хурааж авснаараа нэгдүгээрт, зорчих эрхийг нь хязгаарлаж байна. Энэ бол албадан хөдөлмөрлүүлэхээс гадна хүн худалдах гэмт хэргийн шинжтэй. Ажиллахаа болилоо, нутаг буцлаа гэх эрх тэдэнд бий.
Хоёрдугаарт, Вьетнам улсын иргэний паспорт бол Монгол Улсын өмч биш. Вьетнам иргэний өмч ч биш. Вьетнам Улсын буюу төрийн өмч юм. Үүнээс үүдэж хоёр улсын хооронд асуудал үүсэж болно шүү дээ” гэсэн юм.
Монгол Улс Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Албадан хөдөлмөрийн тухай 1930 оны 29 болон Албадан хөдөлмөрийг устгах тухай 1957 оны 105 дугаар конвенцод 2005 онд нэгдсэн юм билээ. Эдгээрт нэгдэн орж, соёрхон баталсны 20 жилийн ой ирэх онд тохионо. Харамсалтай нь, дээрх конвенцуудыг дагаж мөрдөх нь битгий хэл, дотооддоо баталсан Хөдөлмөрийн тухай хууль, Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль тогтоомжоо ч мэдэхгүй, дагаж мөрддөггүй. Уг нь Монгол болон БНСВУ-ын төр засгийн удирдлагууд нийгэм хамгааллын хэлэлцээр байгуулахаар аль 2010 оны эхээр ярьж эхэлсэн ч өдий хүртэл ажил хэрэг болгоогүй байна. Тухайлбал, БНСВУ-ын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд тэргүүтэй төлөөлөгчид 2012 онд Монголд ажиллаж, манай улсад хөдөлмөрлөж буй ажиллах хүчээ нийгмийн даатгалд бүрэн хамруулж, нийгмийн баталгааг нь хангахад харилцан анхаарч ажиллахаар ярилцаж байжээ. Сүүлийн жилүүдэд манай улс Вьетнам улсаас ажиллах хүч авах нь эрс нэмэгдээд буй. Нийгэм хамгааллын хэлэлцээр байгуулснаар хоёр улсад ажиллаж буй иргэд эрүүл, аюулгүй байдлын “дархлаа”-тай болно. Улмаар манай улсад ажиллаж амьдарч буй вьетнам иргэд эрүүл мэнд болон нийгмийн хамгааллын үйлчилгээ авах эрх зүйн нөхцөл бүрдэх учиртай билээ.
Дэлгэрэнгүй мульти медиаг тун удахгүй хүргэнэ.
ХАМТЫН ЭРЭН СУРВАЛЖИЛГА “ХӨДӨЛМӨР” БАГ