Хэн хэзээ нэрлэсэн нь тодорхойгүй гудамж, зам, талбай нийслэлд олон бий. Цахим сүлжээнээс ч тэрхүү нэрээр нь хайгаад олдохгүй. Гар утасны цаанаас хүнд зам зааж өгөх гэж үйлээ үздэг гэж хэлж болно. Өөр өөрийн мэддэг нэршлээрээ яриад, нэгдмэл ойлголтод хүрч чадахгүй. Баруун, зүүн гэсээр цагаа барна. Энэ мэт асуудлын шалтгаан нь албан ёсны нэршилгүй гудамж, зам, талбай олон байгаатай ч холбоотой байж мэдэх юм. Өөрөөр хэлбэл, 40-50 жилийн өмнө үйл ажиллагаа явуулахаа зогсоосон байгууллагуудын нэрийг хүртэл хаягт ашигласаар байгаа. Тиймээс жуулчид байтугай нийслэлчүүд өөрсдөө хүртэл төөрч будилж буйг цэгцлэх цаг болжээ.
АЛБАН ЁСНЫ НЭРШИЛТЭЙ БОЛОХ НЬ ЧУХАЛ
Чингэлтэй дүүргийн I хорооны нутагт байрлах “Ард” кинотеатрын автобусны буудлыг мэдэхгүй хүн ховор биз. Гэвч “Ард” кинотеатр гэх байгууллага Монголд одоо байхгүй. Тийм нэршил ч албан ёсны мэдээллийн санд бүртгэлгүй юм. Ийм кинотеатр байсныг гэрчлэх “балгас” үлдсэнээс өөр нотлох баримт ч үгүй. Ийм байтал өнөө хэр хуучин нэршлийг нь ашиглах зөв гэж үү. Мөн Хүнсний I, IV дэлгүүр гэж олон нийт ярьж хэвшсэн ч нэрлээд буй байгууллага нь өдгөө алга. Албан ёсны бүртгэлтэй тийм аж ахуйн нэгж, газар ч байхгүй юм. Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дахь “Соёмбо” кинотеатрыг ч энд дурдах нь зүйтэй. Тэрхүү байгууллагын барилга, хаяг нь л үлджээ. Харин тэнд кинотеатр бус, худалдаа, үйлчилгээний хэд хэдэн байгууллага үйл ажиллагаа явуулж буй. Мөн “Ардын эрх”, “Үндэсний шуудан” сонины байр гэж ярьдаг ч тэдгээр байгууллагыг татан буулгаад олон жилийг ардаа үдэж. Харин сонины байранд нь банк бус санхүүгийн байгууллага, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж байна.
ТЕХНИК, ТЕХНОЛОГИЙН ХӨГЖИЛД НИЙЦҮҮЛНЭ ҮҮ
Техник, технологийн эрин үед бүхий л зүйл цахим хэлбэрт шилжиж, мэдээллийг илүү боловсронгуй болгон ашиглаж байна. Бидний танил “газар зүйч” гэж тодотгож болох “Google map”-аас дээрх газруудыг олоход бэрх. Тухайн байгууллага хэдийн үгүй болоод, зөвхөн олны оюун санаанд л хадгалагдан үлдсэн болохоор газрын зургаас яаж ч олох билээ. Өдөр тутам шинэ барилгын ажил эхэлж буй энэ цаг үед эхнээс нь зөв зохицуулах нь чухал. Ядаж л жуулчид ирсэн ч төөрөлдөхгүй явах боломжтой болно. Төрийн мэдээллийн санд дээр дурдсантай адил нэршлүүдийг хэрхэн бүртгэснийг үзье гэвэл өчнөөн л бичиг цаас “ухах” хэрэгтэй болдог гэнэ.
Гадна хаягийн мэдээллийн санг хүртээмжтэйгээр ашиглах боломжийг бүрдүүлэх хэрэгцээ ч бидэнд тулгарч байна. цахим хуудсаар дамжуулан хаягийн нэгдсэн системд нэвтэртэл юуг нь ч ойлгосонгүй. Эх, адаг нь, хаана юу байгаа нь тодорхойгүй нөхцөл байдал угтав. Улаанбаатар хот дахь олон барилгаас цахим газрын зургийг томруулж, жижгэрүүлэн байж хайснаа олох нь тун хүнд аж. Тиймээс ийм мэтийн асуудлаа цэгцэлж, нэгдсэн ойлголтод хүрэх хэрэгтэй байна.
ТООДОГ Ч ХҮН АЛГА
Хаягжуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн тухай танилцуулгад дурдсанаар манай улсад шинэ тутам үүсэж байгаа хаягтай холбоотой харилцааг 2013 онд баталсан Хаягжуулалтын тухай хууль, Гудамж, зам, талбай, үл хөдлөх хөрөнгийг хаягжуулах журам, Бүсчлэлийн кодыг шинэчлэн батлах тухай тогтоол, Улаанбаатар хотын гудамж, талбайд нэр өгөх, нэрэмжит болгох, барилга, байгууламжид дугаар олгох журмаар зохицуулдаг аж. Мөн Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгө, аж ахуйн нэгж, байгууллагын хаягийн тэмдэгт тавих ерөнхий шаардлага MNS5283:2022, Хаягийн бичвэрт тавих шаардлага MNS6775:2019 зэрэг стандартыг мөрдлөг болгох ёстойг ч дурдсан байлаа.
Хаягжуулалтын тухай хуулийн 4.6-д “Хаягийн тэмдэглэгээний стандартыг газрын харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага боловсруулж, стандартчиллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага батална” гэж тусгажээ. Энэ нь Газар зохион байгуулалт, геодез, зураг зүйн ерөнхий газар (ГЗБГЗЗЕГ) юм. Тус байгууллагынхан хаягийн мэдээллийн сангийн нэгдсэн системийг хариуцдаг юм байна. Ингэхдээ гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийн хаягийн бүртгэлийг удирдах, зохион байгуулах, хаягийн мэдээллийн сангийн нэгдсэн системийг хөгжүүлэх, мэдээлэл цуглуулах, солилцох, дамжуулах, боловсруулах, хадгалж байх ёстой гэнэ.
“Аймаг, сумын газрын даамал, сум, багийн Засаг дарга нар хаяг олгоно. Мөн нийслэл, дүүргийн газрын албад, Хот байгуулалт, хөгжлийн газрынхан ч хаяг олгох эрхтэй. Ийм маягаар олон байгууллага хаяг олгож байгаагаас давхардал үүсэх, нэр, дугааргүй задгай гудамж олширсон” гэж Хаягжуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн тухай танилцуулгад дурдсан байлаа. Газрын тухай хууль, Хот байгуулалтын тухай хуульд төлөвлөлтийн үе шатанд хаяг өгөх, мэдээллийн санд оруулах талаар зохицуулалт байхгүйг Хаягжуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр засах гэнэ.
ХАЯГЖУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ХЭЗЭЭ БЭЛЭН БОЛГОХ ВЭ
Хаягжуулалттай холбоотой асуудлыг зохицуулдаг байгууллага манай улсад алга. Жишээ нь, “Ард” кинотеатр, Хүнсний I, IV дэлгүүр зэрэг оноосон нэршлийг хэрэглээнээс хасах, нэмэхийг аль байгууллага шийдэх нь тодорхойгүй аж. Эл асуудалтай холбоотой зарим байгууллагаас тодруулахад ГЗБГЗЗЕГ хариуцах байх гэсэн ч эцэст нь тэднийд ч хамааралгүй хэрэг болж таарав. Тэгэхээр эдгээртэй холбоотой асуудлыг зохицуулах аж ахуйн нэгжгүй, асуудал хариуцах эзэнгүй үлдлээ.
Өнөөгийн ашиглаж буй систем, дүрэм, журам нь цаг үеэсээ хоцорчээ. Иймд Хаягжуулалтын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг өнгөрсөн оноос боловсруулж эхэлсэн юм байна. Үүнд хаягжуулалтын нэгдсэн системд оруулах ёстой мэдээллийг илүү дэлгэрэнгүй байхаар зохицуулжээ. Шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг Хууль зүй, дотоод хэргийн, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам баталсан байна. Гэтэл ГЗБГЗЗЕГ бүтцийн хувьд өөрчлөлтөд орсноор шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг дахин батлуулах хэрэгтэй болжээ. Энэ ажил нь дуусах дөхөж л байгааг тус газрынхан хэлсэн.
Хаягжуулалттай холбоотойгоор хөндөх ёстой дараагийн асуудал нь гудамжаар дурайх зар сурталчилгааны самбар юм. Монгол хэлний тухай хуулиар иргэн бүр хэлний хэм хэмжээг мөрдөх ёстой гэж тусгасан. Гэтэл үүнийг зөрчиж, хаяган дээрээ “онигоо” бичсэн тохиолдол цөөнгүй. Үүнийг нийслэлийн ИТХ-аас 2016 онд баталсан Гадна зар сурталчилгаанд тавих шаардлагаар зохицуулах ёстой. Тухайлбал, гадна зар сурталчилгааны байгууламжийг байрлуулахдаа нэг орон зайд нэгэн жигд загвар, хэмжээтэй байх зарчим баримтална. Мөн сурталчилгааны самбар нь замын хөдөлгөөний болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хяналтын камер, хөдөлгөөн зохицуулах гэрэл дохио, авто замын тэмдгийн үзэгдэх орчныг халхлахгүй байна. Түүнчлэн барилга, байгууламжийн хана, дээвэрт байрлуулсан сурталчилгааны байгууламж нь тухайн орчны аюулгүй, бүрэн бүтэн байдал, өнгө үзэмжийг алдагдуулах ёсгүй. Мөн сурталчилгааг монголоор алдаагүй бичсэн байх ёстой гэнэ. Мөн самбараа өнгө үзэмжтэй байлгахад анхаарч урсгал засвар, арчилгааг байнга хийнэ гэж заажээ. Гэвч нэгэн жигд загвар гэдгээ аль ч хууль, дүрэм, журамд тодорхой тусгаагүй. Мөн шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэхийг ч дээрх эрх зүйн баримт бичгүүдэд тусгаагүй байна. Эдгээртэй холбоотойгоор ШӨХТГ, Хэлний бодлогын үндэсний зөвлөл хамтран дээрх асуудлуудад хяналт тавин ажиллажээ. Монгол хэлний тухай хуулийг дагаж мөрдөөгүй, стандартын шаардлагыг биелүүлээгүй байгууллагуудад тэд анхааруулга өгөөд л орхижээ. Хүлээлгэх хариуцлага ч байхгүй болохоор анхааруулгыг нь хүлээж авсан, эсэхийг ч мэдэх аргагүй.
А.Тэмүүлэн