Монголбанк финтек компаниудад зориулж инновацын оффис байгуулжээ. Финтек буюу технологийн дэвшил, инновацын шийдэлд тулгуурлан санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг компани олшрох, энэ чиглэлийн үйлчилгээ өргөжихийн хэрээр тэднийг нэгдсэн мэдээллээр хангах, хууль, эрх зүйн зохицуулалттай холбоотой зөвлөгөө өгөх, хамтарч ажиллах боломж нөхцөлөөр хангах шаардлага үүсээд буй гэнэ. Иймд Төв банк Үндэсний төлбөрийн системийн тухай хуулиар хүлээсэн үүргийнхээ хүрээнд инновацын оффис байгуулж, финтек компаниудын санал хүсэлтийг шийдвэрлэх үүрэг бүхий ажлын хэсэг томилжээ.
Энэ чиглэлийн компаниудад тусгай зөвшөөрөл болон хууль, эрх зүйн зохицуулалттай холбоотой зөвлөгөө, мэдээллийг Монголбанкны Төлбөр тооцооны газрын Бодлого зохицуулалт, үйл ажиллагааны болон Хяналт зохицуулалтын хэлтсийн мэргэжилтнүүд өгсөөр ирсэн. Гэвч ажлын ачаалал, төлөвлөгөөт уулзалт зэргээс шалтгаалан компаниудын хүсэлтийг түргэн шийдвэрлэх, хариу өгөх боломж хязгаарлагдмал байсан аж. Харин тусгай оффистой болсноор финтек компаниудад бүх төрлийн үйлчилгээг нэг цэгээс хүргэх, зах зээлд шинээр нэвтрүүлж буй бүтээгдэхүүний талаарх мэдээллийг цаг алдалгүй авах, санал, туршлага солилцох таатай нөхцөл бүрдсэн байна.
Н.МИШЭЭЛ