Орчны бохирдлыг бууруулах, байгальд ээлтэй дэвшилтэт техник, технологийг сурталчлан таниулах зорилготой “Ногоон технологи-2024” арга хэмжээг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Эл арга хэмжээний хүрээнд байгальд ээлтэй, инновац шингэсэн, дэвшилтэт технологи бүхий бүтээгдэхүүнүүдийг 70 гаруй аж ахуйн нэгж танилцуулсан юм. Эдгээрээс сүүлийн үед угаарын хийгээ давхар шатаадаг, аюулгүй гэдгээрээ хэдийн олны танил болсон “Нүүдэлчин” эко зуух иргэдийн анхаарлыг ихэд татаж байлаа. “Нүүдэлчин” нь энгийн зууханд нэг өдөрт түлдэг сайжруулсан түлшийг 2.5 дахин бага хэрэглэдэг, хэмнэлттэй сонголт гэдгээрээ онцлогтой. Уг зуухыг монгол инженер зохион бүтээсэн бөгөөд БНХАУ, ОХУ зэрэг 50 гаруй оронд оюуны өмчийн бүртгэлтэй юм байна.
Зохион бүтээгчийн зүгээс “Нүүдэлчин” эко зуух дулаанаа удаан хугацаанд хадгалдаг, хэмнэлттэй, галлах явцад гарсан утааг дахин шатаах, давхар шаталтат технологид үндэслэн бүтээсэн учраас угаартах аюулгүй гэдгийг тодотгож байв. Энэ арга хэмжээний үеэр “Тавантолгой түлш” компанийнхан шахмал түлшийг хэрхэн зөв хэрэглэх тухай мэдээллийг хэрэглэгчдэд өгч байлаа. Мөн түлш худалдан авах картаа хаяж, гээгдүүлсэн иргэдэд “Сайн” картыг нөхөн олгож байв. Үүнээс гадна органик нэгдлийг задалж, хөрсийг нөхөн сэргээж, лагийн хэмжээг нь багасгаж, эвгүй үнэрийг арилгах зориулалттай “Био ундарга” компанийн нүхэн жорлонгийн “Жига” бактерийг олон иргэн сонирхож байсан юм.
У.Сүрэн