Улсын хэмжээнд энэ сарын 9-15-нд эмнэлгүүдийн амбулаториор 265 753 хүн үйлчлүүлсний 4.8 хувь буюу 12 664 нь томуу, томуу төст өвчнөөр өвчилжээ. Үүнийг өнгөрсөн долоо хоногийнхтой харьцуулахад 1.5 хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж. Нийт өвчлөгсдийн 80.8 хувь нь 15 хүртэлх насны хүүхэд байна. Тэдний 50.6 хувийг тав хүртэлх насныхан эзэлж буй. Энэ талаар ХӨСҮТ-ийн тархвар судлаач Т.Ууганжаргалаас тодруулахад “Томуугийн харуулдан тандалтын нэгжүүдээс ирүүлсэн сорьцод шинжилгээ хийхэд “Ковид-19”, амьсгалын замын синцитиаль вирус, риновирус давамгайлж, өвчлөл үүсгэж байна.
Эдгээр вирусээр үүсгэгдсэн томуу нь хоёр хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настнуудын биеийн байдлыг хүндрүүлэх эрсдэлтэй тул шинж тэмдэг илрэнгүүт эмчид хандаж, эмчлүүлэх шаардлагатай. Харин томуугийн А, В хүрээний вирус бүртгэгдээгүй. Мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн 19 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байна. Энэ нь өмнөх долоо хоногийнхоос хоёр орчим хувиар нэмэгдсэн дүн юм. Хэвтэн эмчлүүлэгсдийн 48 хүртэлх хувийг 0-5 насныхан эзэлсэн. Улсын хэмжээнд улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт 46.4 хувьтай явагдаж байна. Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хүүхэд, жирэмсэн эмэгтэй, 65-аас дээш насныхан, архаг хууч өвчтэй иргэдэд томуугийн вакцин хийж байгаа” гэв.
Түүнчлэн тухайн сар, улиралд дэгдсэн томуугийн вирусийн онцлогт тохирсон эмчилгээний багцыг өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан иргэдэд үнэ төлбөргүй олгох талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдэгдэв. Тэрбээр хүйтний улиралд ханиад, томууг хүндрүүлэхгүйгээр даван туулах нь чухал болохыг дурдаад, томуугийн эсрэг дархлаажуулалтыг энэ жил эрт эхлүүлснийг онцоллоо. Мөн ханиад, томуугаар хөнгөн өвдсөн хүүхдийг эмнэлэгт хэвтүүлэхгүйгээр гэрээр эмчлэхэд анхаарч буйг дуулгав. Өөрөөр хэлбэл, өрхийн эмчид үзүүлж, хүүхдийнхээ биеийн байдлыг үнэлүүлсний дараа гэрээр эмчлэх боломжтойд нь эмчилгээний багц олгох гэнэ. Гэхдээ хэзээнээс багц олгох нь одоогоор тодорхойгүй бөгөөд энэ онд багтаан хэрэгжүүлнэ гэж Эрүүл мэндийн яамныхан хэлэв.