Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар ШӨХТГ-ын дарга асан О.Магнай, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргаар ажиллаж байсан Э.Болорчулуун, тус албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Шижир, Санхүү, аж ахуйн хэлтсийн дарга Х.Алтанцэцэг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (НШШГГ)-ын дарга асан, өдгөө ШШГЕГ-ын Тусгай ажиллагааны хэлтсийн даргаар ажиллаж буй хурандаа Б.Цогжаргал, Баянгол дүүрэг хариуцсан шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байсан Г.Идэрчулуун, Х.Саруул, Б.Батцэрэн зэрэг 11 хүнд холбогдох хэргийг Дээд шүүхээр хэлэлцэхээс татгалзлаа. Ингэснээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хүмүүсийн хэргийг дахин хэлэлцэхээр болж байна.
О.Магнай ШӨХТГ-ын дарга байхдаа хурандаа Б.Цогжаргалд хөндлөнгөөс нөлөөлсөн. Улмаар Б.Цогжаргалын тушаалаар шийдвэр гүйцэтгэгч Г.Идэрчулуун, Х.Саруул, Б.Батцэрэн нар Баянгол дүүргийн нутагт Ливан улсын иргэн Мохамад Зухуэр Итаны хөрөнгөө оруулж барьсан 11 давхар шилэн фасадтай, дөрвөн тэрбум төгрөгийн өртөгтэй барилгыг 723 саяар үнэлэн О.Магнайгийн ээж С.Отгонжаргалын “Дархан цамхаг” компанид шилжүүлсэн. Үүнээс гадна нийслэлийн Газрын албаны даргаар ажиллаж байсан Э.Болорчулуунд О.Магнай нөлөөлж ээжийнхээ эзэмшлийн “Баянцамхаг” ХХК-д Баянзүрх дүүргийн I хорооны нутагт 896 ам метр газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрх хууль бусаар олгуулсан хэмээн буруутгагдсан юм.
Харин Газрын албаны дарга Э.Болорчулууны хувьд Ц.Шижиртэй хамт Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын газраас дур мэдэн “Нармон” ХХК, авга дүү Б.Бямбацогт тэргүүтэй хүмүүст олгосон, усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглох заалтыг зөрчин “Эко констракшн”-ы С.Нямдаваагийн эзэмшиж байсан, Сүхбаатар дүүргийн нутаг дахь 6750 ам метр талбайн хэмжээг нэмэгдүүлэн, 12 649 болгож, газар эзэмшүүлэх захирамж гаргуулсан зэрэг цөөнгүй үйлдэлд яллагдагчаар татагдсан билээ. О.Магнай, Э.Болорчулуун, хурандаа Б.Цогжаргал тэргүүтэй 11 хүнд НПГ-аас Эрүүгийн хуулийн 13.5-3.1-т заасан албаны эрх нөлөөг ашиглаж бусдыг заналхийлсэн, 17.3-2.2-ын бусдад их хэмжээний хохирол учруулж залилсан, 18.6-1 дэх хэсгийн мөнгө угаасан, худал мэдүүлэг өгсөн хэмээн яллах дүгнэлт үйлдсэн юм.
Г.РАВЖАА