Хавдар судлаач эмч нарын 18 дахь удаагийн чуулга уулзалт өчигдөр эхэллээ. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг эрдэм шинжилгээний хуралдааныг “Хавдар судлалын тулгамдсан асуудал” сэдвээр зохион байгуулж буй юм. Хуралдаанд хот, хөдөөгийн хавдар судлаач 400 гаруй эмч оролцож байна. Эхний өдөр цээжний хөндий, уушги, улаан хоолойн хавдрын дурангийн мэс заслын хөгжил, чиг хандлагын талаарх салбар хуралдааныг өрнүүллээ. Дэлхий нийтэд уушгины хорт хавдар эрэгтэй хүйсэд нэгдүгээрт бичигдэж буй. Тэр тусмаа өндөр хөгжилтэй орнуудад эл хавдраар хамгийн олон хүн өвдөж, нас барж байна. Тодруулбал, жилд хоёр сая гаруй хүн уушгины хорт хавдар тусаж, 1.8 сая нь тухайн жилдээ нас бардаг аж. Жишээлбэл, АНУ уушгины хавдраар тэргүүлдэг. Шалтгаан нь утаат болон электрон тамхины хэрэглээ их байдагтай холбоотой гэнэ. Энэ талаар ХСҮТ-ийн Цээжний хөндийн мэс заслын тасгийн эрхлэгч Б.Ганзориг “Манай улсад уушгины хорт хавдрын 500 тохиолдол жилд шинээр бүртгэгддэг. Гэвч тэдний 90 хувь нь хожуу шатандаа оношлогдож, олонх нь тухайн жилдээ нас барж байна. Уушгины хавдар үүсгэх гол шалтгаан нь тамхидалт. Мөн агаарын бохирдол нөлөөлдөг. Шалтгаан нь тодорхой, сэргийлж болох хавдраар жил бүр 400 орчим хүн амиа алдаж байна гэдэг үнэхээр харамсалтай. Хатуухан хэлэхэд, тамхи татах нь амиа хорлож буйтай адилхан үйлдэл” гэв. Чуулга уулзалтын үндсэн хуралдаан өнөөдөр үргэлжлэх бөгөөд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн болон ОХУ-ын Хавдар судлалын шинжлэх ухаан, судалгааны төвийн химийн эмчилгээний тасгийн эрхлэгч Б.Лариса нар оролцох юм байна.
Ч.БОЛОР