Монголын үндэсний бөхийн холбооны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн ээлжит хурал энэ сарын 11-нд болсон. Уг хурлын дараахан Үндэсний бөхийн барилдааны дүрмийн дөрөвдүгээр зүйл, Ёс зүйн дүрмийн гуравдугаар зүйл, зургаадугаар зүйлийн 6.1, долоодугаар зүйлийн 7.1, 7.5 дахь хэсгийг тус тус үндэслэн олны зүгээс ирүүлсэн гомдол, шаардлага болон холбооны ажлын албанаас оруулсан саналын дагуу ёс зүйн зөрчил гаргасан байж болзошгүй бөхчүүдийн асуудлыг хэлэлцсэн юм. Үүний хүрээнд Төв аймгийн Баянцагаан сумын 100 жилийн ойн наадмын барилдаанд олныг үл хүндэтгэж, ёс зүйн зөрчил гаргасан аймгийн начин Г.Болдбаатарын барилдаанд зодоглох эрхийг нэг жил найман сараар хориглох шийдвэр гаргажээ.
Мөн сумын заан М.Баасанг хоёр жилийн хугацаанд бүх шатны барилдаанд зодоглохыг хориглосон байна. Түүнчлэн Завхан аймгийн Отгон сумын 100 жилийн ойн барилдаанд улсын харцага Т.Бэгзсүрэнг залуу бөхчүүдийн үндэсний бөхөөр хичээллэх хүсэл сонирхлыг мохоох үйлдэл гаргасан гэж үзэн зургаан сарын хугацаанд барилдуулахгүй байхаар шийдвэрлэв. Төв аймгийн Зуунмод сумд болсон, улсын шинэ цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаанд улсын начин Б.Чимэдвандан учраа бөхөө өвдөг шороодсоны дараа санаатайгаар нидэрч, ёс суртахууны зөрчил гаргасан.
Тиймээс түүний барилдах эрхийг есөн сараар хасжээ. Увс аймгийн Зүүнхангай сумын 100 жилийн ойн барилдаанд улсын харцага Ц.Мөнхбаяр нь бусад руу гар далайн сүрдүүлж, биеэ авч авах байдал, ёс зүй, хандлагаараа тамирчны нэр хүндийг өндөрт өргөж явах үүргээ биелүүлээгүйн улмаас зургаан сар дэвжээнд зодоглохооргүй болов. Мөн ойн үеэр бөхийн засуулаар ажилласан Ц.Даваасамбуу барилдааны дундуур бөхчүүдэд саад болж, биеэ зохисгүй авч явсан бөгөөд зохион байгуулагчдын шаардлагыг биелүүлээгүй. Тиймээс хоёр жилийн хугацаанд бүх шатны барилдааны жаяг дэгийн багт ажиллахааргүй болжээ.
Дорнод аймгийн баяр наадмын барилдаанд аймгийн заан Ц.Заяатүшиг зохисгүй үйлдэл гаргаж, өрсөлдөгчдөө хүндэтгэлтэй хандаагүйн улмаас есөн сарын хугацаанд барилдах эрхгүй болов. Улсын харцага Г.Ганхуяг Төв аймгийн Баянцагаан сумын 100 жилийн ойн барилдаанд оролцсон ч дуусгалгүй явжээ. Үүний улмаас наадам саатсан тул ёс зүйн зөрчил гаргасанд тооцож, барилдах эрхийг нь гурван сараар хаслаа. Улсын заан Д.Баасандорж, улсын начин Б.Батжаргал, сумын заан Э.Ганболд нарыг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл одоогоор бүрдээгүй тул бүх шатны барилдаанд барилдах эрхийг нь хэвээр үлдээсэн байна.