Эрүүл мэндийн сайд БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атешийг хүлээн авч, эрүүл мэндийн салбарт хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцжээ. Сүүлийн жилүүдэд Монгол Улсад оношилж, эмчлэхгүй байгаа өвчин, эмгэгийн улмаас эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаар БНТУ-ыг зорих иргэдийн хөдөлгөөн нэмэгдэж байгаа гэнэ.
Тиймээс монгол иргэддээ туслах, эрх ашгийг нь хамгаалахын тулд тус улсад эрүүл мэндийн нэгж байгуулахаар төлөвлөж буйгаа Эрүүл мэндийн сайд дуулгасан юм. Хариуд нь Элчин сайд хамтран ажиллахад бэлэн буйгаа дурдаад, хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа хувийн хэвшилд илүү өргөжин тэлснийг мэдэгдэв. Цаашид эрүүл мэндийн нэгж байгуулах асуудлыг дэлгэрэнгүй ярилцаж, ажил хэрэг болгох ажээ.
Ч.ТУЯА