Хүн төрөлхтний эмчилгээний ололт, амжилтын оргил нь эд, эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал билээ. Олон улсад хүний эд, эрхтнийг робот төхөөрөмжүүдээр орлуулах нь цаг хугацааны л асуудал болоод буй. Ингэтлээ хөгжиж буй дэлхийн анагаах ухааны дэвшлээс бид ч хоцроогүй яваа гээд хэлчихвэл дэгсдүүлсэн болохгүй л байх. Тодруулбал, манай улс элэг, бөөр, ясны чөмөг, үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг хамтад нь нутагшуулсан Азийн цөөн улсын нэг юм. Уг нарийн төвөгтэй эмчилгээг дэлхийн түвшинд хийдэг гэсэн батламж ч бидэнд бий. Ерөнхийдөө манайхан элэг, бөөр “солих” мэс заслын талаар андахгүй. Харин сүүлийн үед олонд нэлээд “танигдаад” буй ясны чөмөг, үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээ гэж юу вэ. Ямар тохиолдолд уг мэс заслыг хийлгэдэг талаар иргэд төдийлөн ойлголтгүй тул энэ талаар мэдээлэл хүргэхийг зорилоо.
Хүний чөмөг нь ясны сийрхий буюу торлосон хэсэгт байрлах эд юм. Шувууд болон хөхтөн амьтдын хувьд ясны чөмөг нь цус төлжүүлэх гол үүрэгтэй. Үүнтэй адил хүний чөмөг ч бас цус үйлдвэрлэгч аж. Чөмөг өдөрт дунджаар цусны 500 эс шинээр үйлдвэрлэх “хүчин чадалтай”, энэ нь гол судаснуудын хөндийд нэвчиж, эрхтэн системийг тэжээдэг байна. Өөрөөр хэлбэл, улаан, цагаан гээд бүх төрлийн цусны эс ясны чөмөгт үүсдэг гэсэн үг. Насанд хүрсэн хүний биед ясны чөмөг голчлон хавирга, сээр нуруу, өвчүүний болон аарцгийн ясанд байрладаг гэнэ. Биеийн нийт жингийн ердөө тавхан хувийг эзэлдэг ч ясны чөмгийн ид шид бүхэл махбодыг тэжээх шидтэй. Харамсалтай нь, хүний биеийн эдгээр тогтолцоо алдагдсан үед ясны чөмөг үүргээ “мартаж”, цус үйлдвэрлэж чадахгүйд хүрдэг байна. Ихэнхдээ цусны эмгэг, хорт хавдрын өвчний үед ясны чөмөг хамгийн түрүүнд өртөж, үйл ажиллагаа нь алдагддагийг эмч нар хэлсэн.
Монгол Улсад ясны чөмөг, үүдэл эс шилжүүлэн суулгах мэс заслыг цусны цагаан эс (лейкеми)-ийн, дархлааны эс (лимфома)-ийн хавдар, эсрэг биеийн эсийн үржил (миелома- олон ясанд хавдар үүсгэгч)-ийн үед ихэвчлэн хийдэг аж. Маш нарийн технологитой орчинд эмч нараас өндөр ур чадвар, өвчтөнөөс тэсвэр хатуужил, хугацаа шаарддаг энэхүү эмчилгээг манай улс 2014 онд эх орондоо нэвтрүүлсэн билээ. Анхны эмчилгээгээ БНСУ-н Католикийн их сургуулийн Гэгээн Мария эмнэлгийнхэнтэй хамтран хийсэн байдаг. Түүнээс хойш Монголын эмч нар энэхүү мэс заслыг бие даан хийсээр өнөөдөр 34 дэх хүнд ясны чөмөг, үүдэл эс шилжүүлэн суулгаад байна.
Уг мэс заслыг Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ)-ийг түшиглэн, Үүдэл эс шилжүүлэн суулгах үндэсний багийн эмч, мэргэжилтнүүд хийдэг. Тэдний хэлснээр эл эмчилгээний эрэлт жил ирэх тусам нэмэгдэж, өдөр бүр цусны эмгэг, хавдартай хүн оношлогдож буйд санаа чилээж байсан. Манай эмч нар уг технологийг нэвтрүүлэхийн сацуу ауто буюу өөрөөс нь өөрт нь үүдэл эс шилжүүлэн суулгах, алло буюу донорын тусламжтай эл эмчилгээг хийдэг болсон нь дэвшил юм.
Ауто үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг нэвтрүүлснээр өдгөө 32 хүн үр дүнг нь хүртсэнийг үндэсний багийнхан хэлсэн. Эдгээр тохиолдлын 50 хувь нь ходжкины бус лимфома, 34 хувь нь түгмэл миелома, үлдсэн нь ходжкины лимфома гэх цусны архаг, хурц явцтай хавдартай өвчтөн байжээ. Ауто үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээний үр дүн одоогоор таван жилд хавдар сэдрэхгүй байх тохиолдол 72, амьдрах чадвар 75 хувьтай байгаа нь хөгжиж буй болон өндөр хөгжилтэй бусад улс орны түвшинтэй ойролцоо гэнэ.
Ходжкины бус лимфома нь хүүхэд, өсвөр насныханд зонхилон тохиолддог бүх төрлийн хорт хавдраас эхний тавд эрэмбэлэгддэг аж. Гэхдээ аль ч насанд илэрч болох ба лимфомаг ерөнхийд нь цусны эсэд нөлөөлдөг хорт хавдрын нэг төрөл гэж ойлгож болно. Дотроо ходжкины бус 75, ходжкины дөрвөн дэд төрөлтэй, ялган оношлоход ч төвөгтэй хавдар гэнэ. Энгийнээр цусыг хорт бодис, хаягдал бүтээгдэхүүнээс цэвэрлэх үүрэгтэй лимфийн системийг “эвдэж”, өвчинтэй тэмцэх эсрэг биеийг үгүй болгох замаар хавдрын эсээ тэжээдэг хорон өвчин аж.
Үүдэл эс шилжүүлэн суулгах технологийн ачаар манайхан плазмаферез буюу цусны сийвэн шүүх эмчилгээг ч давхар нэвтрүүлжээ. Уг эмчилгээний ачаар УНТЭ-ийнхэн мэдрэлийн, цусны эмгэгтэй хүмүүст тусламж, үйлчилгээ үзүүлдэг болжээ. Мөн уг аргыг цусны бүлэг тохирохгүй элэг, бөөр шилжүүлэн суулгах эмчилгээний үед эсрэг төрөгчийг бууруулахад ашиглаж байгаа аж. Одоогоор нийт 116 хүнд 287 сеанс плазмаферез эмчилгээ хийгээд байгааг тус эмнэлгийнхэн хэлсэн.
Харин донороос буюу алло үүдэл эс шилжүүлэн суулгах мэс заслын аргыг 2022 онд нутагшуулжээ. Эм, эмнэлгийн хэрэгслийн хүртээмж, нарийвчилсан шинжилгээ, тохирсон донорын олдоц зэрэг хүндрэлтэй асуудал цөөнгүй байгаа ч эмчилгээг тасалдуулахгүйн тулд хамгийн сүүлд хоёр дахь хүнд эл мэс заслыг олон улсын эмч нартай хамтран хийсэн гэнэ.
Цусны үүдэл эс буюу чөмгийг донороос өвчтөнд шилжүүлэн суулгадаг болсноор гадаадад эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай өвчний тоо нэгээр цөөрч. Эмчилгээний энэхүү нарийн төвөгтэй аргыг УНТЭ-т нэвтрүүлэхийн тулд 1.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан бөгөөд үүний хүрээнд есөн ортой хими эмчилгээний тасаг байгуулжээ. Олон улсад 400-700 сая төгрөгөөр хийдэг эл эмчилгээг Монголдоо бага зардлаар ийн нутагшуулж чадсан байна.
Цаашид хүүхдэд алло үүдэл эс шилжүүлэн суулгахаар бэлтгэл хангаж буйг салбарын яамнаас мэдээлсэн. Эмч нарын энэ их хичээл зүтгэл, ур чадварыг төр засаг өндрөөр үнэлж, “Алло болон ауто цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг Монгол Улсад нэвтрүүлсэн үр дүн” бүтээлд Төрийн шагнал хүртээснийг ч ташрамд сонирхуулъя. Эл эмчилгээг нутагшуулахын сацуу цусны өвчний оношилгоо, эмчилгээний чанар, хими эмчилгээний протоколыг олон улсын түвшинд ойртуулж, цус судлал, удам зүй, молекул биологи, лаборатори, дархлаа судлал, эмгэг физиологи зэрэг салбарын хөгжилд түүхэн амжилт үзүүлснийг дурдаж болно.
О.БАТ-УНДРАХ