Дэлхийн цэвэрлэгээний өдрийг тохиолдуулан хог хаягдлаа дахин боловсруулж ашиглахыг уриалсан гэр бүлийн өдөрлөгийг энэ сарын 21-нд зохион байгуулна. Эл үйл ажиллагааг “Хог хаягдлаа багасгая, дахин ашиглая, дахин боловсруулъя” уриан доор Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хийхээр төлөвлөж буй аж. Өдөрлөгийг өртөөчилсөн байдлаар явуулах гэнэ. Тодруулбал, эл арга хэмжээнд оролцсоноор байгальд ээлтэй амьдрах “3R өртөө”-гөөр зочилж, шинэ зүйл сурч, нэгэн өдрийг гэр бүлээрээ хөгжилтэй өнгөрүүлэх боломжтой. Талбайд үндсэн гурван өртөө байх нь. Нэгдүгээрт, “Reduce” буюу хог хаягдлаа багасгахыг уриалсан өртөө бий. Энэ хэсэгт хог ангилах тоглоом, асуулт, хариултын тэмцээн, виртуал ертөнцөөр аялах, мод тарих аргад суралцуулах хөтөлбөрийг багтаажээ. Дараагийнх нь “Дахин ашиглая” өртөө юм байна. Тэнд хуучин хувцсаа солилцох, оролцогчид хаягдал цаасыг дахин ашиглаж бүтээгдэхүүн болгох зэрэг үйл ажиллагаа болно.
Удаах нь “Дахин боловсруулах” өртөө юм. Тэнд дахин боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудтай танилцаж, дахивар хог хаягдлын ангиллын талаарх мэдээлэл авч болох аж. Мөн гэртээ байгаа хуванцар савыг цуглуулаад аваад очвол хүлээн авах цэг ч бий.