Яармагийн гүүрнээс “Атар өргөө”-гийн уулзвар хүртэлх авто замын хашлага буюу бордюруудыг хуулж хаяжээ. Ингэхдээ авто замуудын зах, ирмэг хэсгүүдийг эвдэж орхисон байна. Бас тухайн замын хажуугаар явган хүн зорчиход тун хүнд, энд тэндгүй энхэл донхол, шороо, тоостой нь хутгаад хаячихсан хэсэг чтааралдах аж. Зарим хэсэгт нь боржин чулуун бордюруудаа өрж тавьсныг эс тооцвол тэнд ажил хийж байгаа шинж өчигдөр өглөө лав харагдсангүй. Хэзээ бордюруудаа суулгаж дуусаад, явган хүний болон авто замын эвдэрсэн хэсгийг засах юм, бүү мэд.
Хамгийн гол нь ийм салан задгай, назгай байдлын улмаас замын түгжрэл ихсэх болов. Яармагийн гүүрнээс “Атар өргөө”, цаашлаад ШУТИС-ийн Механик инженерийн сургуулийн уулзвар хүртэлх зам бол нийслэлд түгжрэлээрээ “тэргүүлдэг” хэсгүүдийн нэг. Гэтэл бордюр солих нэрээр тус замын зарим хэсэгт нэгдүгээр эгнээг хааснаас түгжрэлийг улам ихэсгэжээ. Оргил ачаалал буюу өчигдөр өглөө ажил эхлэх үеэр ийм дүр зураг харагдав.
Хэнд ч гай болоогүй бордюруудыг энэ жил гэнэт хуулсан. Тэгэхдээ хичээлийн шинэ жил эхлэхийн өмнөхөн буюу замын хөдөлгөөний ачаалал эрс ихсэхтэй зэрэгцүүлэн хуулсан нь олон хүний шүүмжлэлтэй тулгараад байгаа. Тэр хэрээр түгжрэл ихсэж, иргэд алхая гэхээр замыг нь энхэл донхол болгоод ухаад хаячхаад байна. Эсвэл яг зам дээр бордюруудаа овоолоод тавьчихдаг. Иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх энэ хотод ер нь огтхон ч хамаагүй ажээ.
Анхнаасаа л иргэдийн шүүмжлэлтэй тулгарсан бордюр солих “ажиллагаа” ийнхүү иргэдийн ажил, амьдралд ч төвөг чирэгдэл учруулсаар байна. Харин хотын удирдлага, холбогдох албаныхан нь тоосон шинжгүй бордюр хуулж, шинийг суулгах ажлаа гүрийсээр байгаад л дуусгах бололтой. Бордюр солихыг эсэргүүцсэний хариуд хотын дарга Х.Нямбаатар “Тэгвэл замаа засахаа ч больё” гэж “тунирхаж”, олон нийтийн санал асуулга эхлүүлсэн билээ.
М.Оч