-Дансаараа дөрвөн цагийн дотор тэрбумын ашиг олж байхад нэг ч төгрөгийн татвар авч чаддаггүй-
“Цахим Монгол” хөтөлбөр хэрэгжүүлж, цаас, хүнд сурталтай “байлдах” том зорилготой зэрэгцэн цахим луйварт “залгиулсан” хохирлын хэмжээ улам томорсоор байна. Хамгийн сүүлд буюу өчигдөр тодруулсан мэдээллээр, Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх лсын хэмжээнд нийт 14 088 хэрэг бүртгэгдсэнээс 13 903 нь хэрэг бүртгэлтийн, 185 нь мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа аж. Түүнчлэн цахим орчинд “Telegram”, “Whats up” зэрэг аппликэйшнийг ашиглан, иргэдийн бүртгэлтэй дугаарт ажлын санал тавьсан мессеж илгээн, сонирхсон хүмүүсээс бүртгэлийн хураамж 20 000 төгрөг авч, төд удалгүй 30 000 болгон буцаан өгч, итгэлийг нь төрүүлэх замаар залилах гэмт хэрэг ч гарч байна. Эцэст нь “Таны цалин урамшуулал 10 сая төгрөгийг буцаан өгөхийн тулд барьцаа 1-3 сая төгрөг хэрэгтэй” гэх мэтээр залилан үйлдэх болжээ. Ийм мессеж уншигч танд ирж байсан биз. Яг ийм үйлдлийн аргаар иргэн Б энэ оны тавдугаар сарын 18-нд нийт 18 сая төгрөг шилжүүлэн залилуулсан хэргийг одоогоор Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байна.
Бас нэг жишээ дурдъя. Өнгөрсөн онд www.Mholdem. net www.mglmoney.com, www.mongolpoker.mn, topaz.r, roy¬alcasino.nl гэсэн нэртэй домэйн хаяг ашиглан, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог цахим “Покер” мөрийтэй тоглоомыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгуулсан хэрэг гарч байв. Яллагдагч нарыг гэмт хэрэг үйлдэхдээ 3.3 тэрбум төгрөгийн хөрөнгө, орлого олсон гэж тогтоогоод буй бөгөөд энэ хэрэг одоогоор шүүхийн шатанд явж байна. Тэдний ашигласан арилжааны банкууд дахь харилцах дансны хуулгуудад үндэслэн хийсэн шинжээчийн дүгнэлтээр гэмт хэргийн улмаас олсон нийт ашгийг тогтоожээ.
Энэ хэрэгт таван этгээд холбогдсон. Үйлдлийн тухайд тэд мөнгөө авсны дараа эхний данснаасаа хоёр дахь руугаа их хэмжээний мөнгө шилжүүлсэн байна. Дараа нь санамсаргүй үсэг, тоо агуулсан утга бүхий 70 гаруй мянган удаагийн гүйлгээгээр хоёр дахь данснаасаа 6000 өөр хүний данс руу бага багаар мөнгө шилжүүлж тараажээ. Түүнчлэн дээр дурдсан гүйлгээний дийлэнхийг нь 1-2 минутын зайтай, шөнийн 01.00-05.00 цагийн хооронд хийсэн аж. Банкуудын нэг бус хэрэглэгч “Шөнө данснаас мөнгө хасагдаад байна” гэж гомдоллож байдгийн учир үүнтэй холбоотой ч юм бил үү.
Дээрх таван этгээд нь энэ төрлийн гэмт хэрэгт шалгагдаж буй Б гэдэг хүнтэй холбоотой байж болзошгүй гэж таамаглаж буй. Тэгвэл Б гэж хэн бэ? Иргэн Б гэгч этгээд нь АТМ болон банк хоорондын шилжүүлгээр мөн л шөнийн 01.00-05.00 цагийн хооронд 500 орчим удаагийн гүйлгээ хийж, нийт нэг тэрбум төгрөг (ойролцоогоор 350 000 орчим ам.доллар) авсан байна. Мөн ижил үг агуулсан тайлбар бүхий 3025 удаагийн гүйлгээгээр таван өөр иргэнээс нэг дансанд 5.7 тэрбум төгрөг (ойролцоогоор хоёр сая ам.доллар) хүлээн авсан байдаг. Хэмжээний хувьд их бөгөөд үйлдлийн хувьд дээрх таван этгээдийнхтэй ижил төстэй, зарим сэжмээр холбоотой байж болзошгүй хэмээн таамаглан шалгаж буй аж.
Эх сурвалжийн мэдээлснээр нэг сарын хугацаанд 2000-аас дээш гүйлгээ хийж байгаа дансуудыг өнгөрсөн хавар шалгаж эхэлсэн байдаг. Тэдгээр дансны эзэн болох 140 хүнд холбогдох хэргийг шалгуулах хүсэлтийг гаргасан атал эрүүгийн хэрэг үүсгээгүй хаажээ. Яагаад хэрэг үүсгэхгүй хаасан байх вэ? Тийм учраас л өнгөрсөн онд 140 байсан статистик энэ онд нэмэгдээд байгаа хэрэг биш гэж үү. Энэ онд хэвлэлүүдэд нийтлэгдсэн мэдээллээс харахад “Мөнгө татан төвлөрүүлэх, тараах зэргээр ашиглаж байсан арилжааны банкууд дахь 132 харилцах дансанд хязгаарлалт тогтоож, нийт 1.5 тэрбум төгрөгийг битүүмжиллээ” гэжээ. Энэ талаарх сонирхолтой олон мэдээллийг Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албанаас сар бүр гаргадаг “сэжигтэй гүйлгээний мэдээлэл”-ээс харж болно.
Монгол Улс мөнгө угаахтай тэмцэж байгаа байдлаар үнэлдэг олон улсын индексээр 2018 онд 6.65 оноо авсан. Тэгвэл 2023 онд 4.9 оноотой болж, жил бүр тасралтгүй буурч байна. “Цахим Монгол”-ын сүүдэртэй тал буюу цахим залилан үүнд хамгийн их хамааралтай биш гэж үү.
БООЦООТ ТОГЛООМЫН ЖУРМЫГ ТҮРГЭВЧЛЭХГҮЙ БОЛ “ХУУЛЬ ёСНЫ ЗАЛИЛАН” БОЛЖ ХАРАГДАНА
Дараа нь “1xbet” зэрэг бооцоот тоглоомыг цаашид хаах уу, эсвэл хууль, эрх зүйн талаас нь хүлээн зөвшөөрөх үү гэдэг асуудал хариулт нэхсээр байна. Бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ гаргаад олон жил болж буй лав долоон компани өнөөдрийн байдлаар бий. Тэд зөвшөөрөл олгох журам хэзээ эцэслэн гарахыг ХЗДХ-ийн сайдаас хүлээж байгаа юм билээ.
Олон нийтээс урган гардаг саналуудаас харахад, бооцоот тоглоомын үйл ажиллагаа явуулдаг олон улсын компаниудыг албан ёсоор зөвшөөрч, спортын хөрөнгө оруулалтыг дэмжин, тамирчдын амжилтыг сайжруулах хэрэгтэй гэж үздэг. Үүний тулд тусгай зөвшөөрөл олгох хууль, журмыг баталж, үйл ажиллагааг нь нээлттэй болгож, хамтран ажиллаж, улс татвараа авдаг болох нь чухал. Хэдийгээр Засгийн газрын зүгээс бооцоог хориглох чиглэлтэй ажиллаж буй боловч үр дүн харагдахгүй байна.
Барууны орнуудад спортын тоглолтын бооцоог эртнээс хуульчилж, зөвшөөрсөн байдаг бөгөөд үр дүнд нь энэ төрлийн татвараар нэлээд хэмжээний орлого олдог. Хамгийн сүүлийн жишээ гэвэл, Канад улс 2021 онд спортын уралдаан, тэмцээнд бооцоот таавар явуулахад тавьсан хоригоо цуцалсан. Ингэснээр АНУ-ын онлайн казино, бооцоот тоглоомд хууль ёсоор нэвтрэх боломж бүрдсэн. Цаашлаад олон тэрбумаар эргэлддэг далд хэлбэртэй байсан бооцооноос татвар авах боломж бүрджээ. Гэтэл манайх дээр дурдсан Б гэдэг этгээдийн дансаар гэмт хэргийн шинжтэй нэг тэрбум төгрөг “ороод гарч” байхад огт татвар авч чадахгүй байна. Үүний нэгэн адил будаа шиг олширсон онлайн казино ямар ч хяналтгүй, татваргүй ажиллаж, ашиг олсоор байгаа юм.
БАНКНЫ ДАНС АШИГЛАДАГ ЛУЙВРЫГ ЧАМЛАЖ БОЛДОГГҮЙН ЖИШЭЭ
Дээрх бүх хэрэг банкны дансаар үйлдэгдэж байна. Иргэд дансаа сарын нэг сая төгрөгөөр бусдад түрээслүүлэх далд гэмт хэрэг үйлдэгдэж, өөрсдөө ч мэдэлгүйгээр золиос болж хохирох нь ихсэв. Тиймээс энэ асуудлыг өргөн хүрээнд авч үзэх шаардлагатай. Хэрэв бид дээрх асуудлуудад хариулт өгч чадаагүй бол банкуудад гарсан мөнгө угаалтын ноцтой хэргүүдтэй тэмцэнэ гэдэг учир дутагдалтай.
Жишээ болгож нэг л хэргийг дурдъя. Бүгд Найрамдах Латви Улсын нэгэн иргэний Монгол Улсад үүсгэн байгуулсан компанийн нэр дээрх, Монголын нэр бүхий арилжааны хоёр банкан дахь дансанд 2018 оны наймдугаар сараас 2020 оны нэгдүгээр сар хүртэлх хугацаанд ОХУ, Казахстан, Узбекистан, Болгар, Польш, АНЭУ, Швед, Португал зэрэг 13 улсаас 3.9 сая ам.доллар, 4.6 сая евро хүлээн авчээ. Тэр даруйдаа 1.7 сая евро, гурван сая ам.долларыг Монгол Улсын арилжааны банкуудаар дамжуулан БНХАУ, Филиппин, Латви, Турк, Эстони, БНСУ зэрэг нийт 12 улс руу “нэхэмжлэлийн төлбөр, гэрээний дагуу” гэсэн утгаар шилжүүлсэн байгаа юм. Энэ бол маш ноцтой, Монгол Улсыг мөнгө угаах бааз болгосон гэмт үйлдэл гэж харагддаг. Гэтэл шалгалтын явцад мөнөөх компани нь Монгол Улсад бизнесийн үйл ажиллагаа явуулах зорилгогүй, огт явуулж байгаагүй нь тогтоогдсон. Мөн тус компанийг үүсгэн байгуулагч этгээд дээр дурдсан хэмжээний мөнгө Монголын арилжааны банкны данс руу орох, гарах урсгалын үед 1-5 хоногийн хугацаатайгаар таван удаа манай улсын хилээр нэвтэрчээ. Ингэхдээ 2020 оны нэгдүгээр сарын 9-нд “Кредит” банкнаас 2.4 сая еврог бэлнээр авах оролдлого хийж, тэр өдөртөө хилээр гарсныг цагдаагийн байгууллага мөрдөн байцаалтын явцад тогтоожээ. Луйврын хэргийг хохирлоор нь бага гэж чамлаж болдоггүй, өсөж томорсоор эцэстээ хаана ч очиж, ямар хэмжээнд ч хүрч болдгийг эндээс харж болно.
У.Оргилмаа