“Монголын хөрөнгийн бирж” ХК энэ сарын 2-6-нд буюу өнгөрсөн долоо хоногт 91.7 тэрбум төгрөгийн уул уурхайн бүтээгдэхүүнийг цахимаар арилжжээ. Тодруулбал, “Энержи ресурс”-ийн дөрвөн багц бүхий 25 600 тонн нүүрсийг 11.7 сая юань, “Эрдэнэс Тавантолгой”, “Андын илч”-ийн 307 мянган тонн нүүрсийг 44.7 сая ам.доллароор, “Монголросцветмет” ТӨҮГ-ын 13.2 мянган тонн төмрийг 933.9 мянган ам.доллар, “Эрд гео” ХХК-ийн 3250 тонн жоншийг 1.6 сая юаниар арилжсан байна.
Түүнчлэн энэ хугацаанд 9.3 сая ширхэг үнэт цаасыг 6.3 тэрбум төгрөгөөр арилжиж, 5945 хэлцэл хийжээ. Ингэснээр дотоодын хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ 12 их наядад хүрсэн гэнэ. “Апекс капитал”, “Инвескор капитал”, “Голомт капитал”, “Ард секюритиз”, “Би ди сек” зэрэг үнэт цаасны компани өнгөрөгч долоо хоногт хамгийн идэвхтэй арилжаа хийсэн бол хамгийн өсөлттэй үнэт цаас нь “Гурил тэжээл Булган”, “Мик холдинг”, “Шарын гол”, “Оллоо”, “Би ди сек” ХК-ийнх болжээ.
Н.МИШЭЭЛ