Дархан-Уул аймагт байрлах “Чулуун карьер” дэд станцыгалсын зайнаас засварлах боломжтой технологи нэвтрүүлэх талаар “Дархан, Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” компаниас уржигдар мэдээлэв. Өдгөө тус станцыг цахимд шилжүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж буй гэнэ. Ийм станц манай улсад өөр байхгүй бөгөөд анхдагч нь энэ болох гэнэ. “Дижитал станц байгуулснаар засвар, үйлчилгээг ажилчид очиж хийх шаардлагагүй. Өөрөөр хэлбэл, шуурхай үйлчилгээг алсын удирдлагаар хийж гүйцэтгэх юм.
Ингэснээр хэрэглэгчдийн хугацааг хэмнэх давуу талтай. Тухайлбал, цахилгаан тасалдсан тохиолдолд засварчин дуудаж, цагалдахгүй, алсын удирдлагаар засна” гэж тус байгууллагаас мэдээлэв. Эл станц нь Дархан-Уул аймгийн Дархан сумын дөрвөн багийг цахилгаанаар хангадаг аж. Засварын ажил эхэлсэнтэй холбоотойгоор хэрэглэгчдийг түр схемд холбожээ. Уг ажлыг хоёрын сар дотор дуусгаж, гол зорилгодоо хүрэхээр төлөвлөжээ.