Боловсролын тэргүүлэх зэрэгтэй багш С.Гандэлгэртэй ярилцлаа. Тэрбээр боловсролын байгууллагад 40 шахам жил ажиллаж, өнөөдөр ч олон сайхан шавь нар дундаа жаргаж яваа нэгэн. Өдгөө ES4 боловсролын төвд урилгаар багшилж, уламжлалт сэтгэлгээний онцлогийг орчин цагийн мэдрэмжтэй хослуулан сурагчдад эх хэл, монгол бичгийн хичээл зааж буй.
-Та 1973 онд дунд сургуулиа төгсөж байжээ. Таны үед хувийн сургууль гэж байгаагүй. Одоо хүн ам өсөхийн хэрээр улсынхаас гадна хувийн сургуулиуд нэмэгдэж байна. Улсын сургууль чанаргүй, хувийнх чанартай гэдэг ойлголтын хандлагын талаар ярилцаж болох уу?
- Улсын сургууль муу, хувийн сайн гэж бодохгүй байна. Чанарын асуудал сургуульд биш, багшид ч бус, сурагчдад өөрсдөд нь байдаг. Өөрөөр хэлбэл, сургууль хийгээд багшийн сайн муу хамаагүй, сурагчаас л шалтгаалдаг. Багш бол чиглүүлэх л үүрэгтэй. Эцэг эхийг хандлага бас үүнд нөлөөлдөг. Тиймээс сургууль голж, сайн багш хайж, хүүхдээ сургуулиас сургуульд шилжүүлдэг нь томчуудын алдаа. Хүүхдээ гэрийнхээ ойр сургуульд өгөх нь хамгийн зөв сонголт шүү. Мэдээж хувийн сургуульд давуу тал бий. Тэнд суралцагсдаас IELTS, TOEFL, LSAT шалгалтуудад ерөнхий боловсролын сургуульд байхдаа тэнцээд гадаадад тэтгэлгээр сурдаг. Гэхдээ энэ зэрэгт хүрэхийн тулд аав, ээж нь 12 жилийн турш хувийн сургуульд 180-300 сая төгрөгийг зөвхөн сургалтын төлбөрт өгдөг. Харин хувийн сургуулийн сурагч бүр IELTS, TOEFL, LSAT шалгалтуудад тэнцэхгүй, гадаадад суралцахгүй.
-Та боловсролын салбарт гажуудал байна гэж хэлсэн. Үүнийгээ тайлбарлаж болох уу.
-Төгсөгчид ЭЕШ өгөөд оноо өндөртэй нь улсын сургуульд ордог. Оноо нь багатай сурагчид нь хувийн их дээд сургуульд элсдэг. Бүгд л дээд боловсролтой хүн болохыг эрмэлзэж байгаа биз. 12 жил залхтлаа сурч сурчхаад дахиад дөрвөн жил сурах нь. Сургуулиа төгсөөд диплом л авна. Харамсалтай нь, хөдөлмөрийн зах зээлд “борлогдож” чаддаггүй. Энэ бол боловсролын гажуудал. Үүний оронд ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангиас оёдолчин, тогооч, мужаан, засварчин, гуталчны мэргэжил эзэмшүүлэх шаардлагатай. Хоол идэхгүй, гутал өмсөхгүй хүн гэж үгүй. Мэргэжил бүхэн сайхан. Үүнийг ЕБС-иас нь эзэмшүүлэх ёстой юм. Ингэж байж тэд ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд их сургуульд орсон ороогүй, гадаадад сурсан сураагүй хөдөлмөрийн зах зээлд хөлөө олно, ажилтай орлоготой байна. 18,19 настай ч ажил хийх боломж нь нээлттэй болно. Охид ханзарснаа оёчихдог, хөвгүүд эвдэрснээ засчихдаг болоод ЕБС-иа төгсвөл өөрсдөө аж амьдралаа өөдөө аваад л явчихна.
-Танай ES4 боловсролын төв ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм бэ?
-Монгол хүүхдүүдийг гадаадад 100 хувь тэтгэлгээр суралцуулах зорилготой л байгууллага. Тэр дундаа ар гэрийн боломжгүй хүүхдүүдэд энэ боломжийг олгохыг зорьсон. Үүний тулд “Боловсрол” төсөл хэрэгжүүлж, өнгөрсөн жилийн турш англи хэлний сургалтыг үнэ төлбөргүй явуулсан. Энэ зун Сэлэнгэ аймгийн Хүдэр сумд багш нартайгаа ажиллаж, гуравдугаар ангийнханд англи хэлийг эхний нэг сар үнэгүй, дараагийн хоёр сард 70 хувийн хөнгөлөлттэй үнээр заалаа. Одоо Хүдэр сумын гуравдугаар ангийнхан алзахгүй байх. Хөдөөд ажиллах, англи хэлний боловсруулсан хөтөлбөрөө заах боломж олгосон Хүдэр сумын ЕБС-ийн багш нарт талархаж байна. Бид англи хэлийг хэдэн наснаас заавал оновчтой вэ гэсэн судалгаа явуулж, найман наснаас нь заавал үр дүнтэй гэсэн шийдэлд хүрсэн. Ингээд хөдөөгийн сурагчдад заасан нь маш өгөөжтэй байлаа. Байгалийн сайханд, агаарын цэнгэгт сурагчдын анхаарал маш сайн төвлөрч, амжилттай сурсанд баяртай байна. Мөн англи хэлээс гадна эх хэл бичгийн сургалт ордог. Амралтын өдрүүдэд гэр бүлийн багц эх хэлний хичээл заадаг юм. Гэр бүлээрээ монгол бичигтэн болно гэсэн үг. Энэхүү багцад хосууд их дуртай байдаг. Хамгийн гол нь манай сургалтын төвд сэтгэл зүйн боловсрол үнэ төлбөргүй олгодог. Хүүхэд стресстэй орж ирвэл, тэр бухимдлыг нь эхлээд тайлж, дараа нь хичээлээ ордог. Хүүхэд тайван анхаарал нь сарнихгүй байж л хичээлээ сурдаг шүү дээ. Бидний эцсийн зорилго бол хүүхдийн тархинд нь ухамсар суулгаж, зүрхэнд нь хайр мэдрүүлж, сэтгэлд нь гал бадраах л юм. Өндөр төлбөртэй сургуульд 12 жил сурахаас гадна хүүхдүүд сургалтын төвд богино хугацаанд чанартай сураад гадаадад сурч болно. Хэл бол боловсрол биш, соёл юм. Гадаад хэл сурах гэхээсээ илүү хүүхдүүдэд сэтгэл зүйн боловсрол чухал. Хичээлийн завсарлагаар бясалгалын арга хэрэглэж байна. Хүүхдүүдийн нүдийг аниулж суулгаад юу сонсож байгааг нь асуухаар машины сигналын дуу, түргэний тэрэгний дохио гэх мэтээр хэлдэг. Тэгвэл тэр орчин, чимээнээс өөрийгөө хэрхэн тусгаарлаж төвлөрөх вэ гэдгийг бага багаар ойлгуулан, заадаг. Өндөр хөгжилтэй орнууд сургалтад бясалгал ашиглахыг аль хэдийн нэвтрүүлсэн.
-Улсын сургуулиудыг хэрхэн хөгжүүлж болох вэ?
-Багш нар цалин “хөөж” л хувийн сургуулийг сонгодог. Мөн тэнд багш нарт хөгжих боломж бий. Төр засаг, улсын сургуулиудын удирдлага үүнийг л хийх хэрэгтэй. Бага ангийн багш нар өдөр өнжүүлэх ажиллуулж, орлого олдог. Дунд, ахлах ангийнхан төлбөртэй давтлага хийж нэмэлт мөнгө олдог. Энэ багшийн буруу биш, тогтолцооны гажуудал юм.
-Дээр та сайн сурах, эсэх нь хүүхдээс л шалтгаална гэсэн. Тэгвэл хүүхдийг хэрхэн зөв чиглүүлэх вэ?
-Сургууль, багш, эцэг эх хамтын ажиллагаа сайн байж л хүүхдүүдэд үр өгөөжөө өгнө. Эртнээсээ монголчуудын соёл бол хүүхдээ сонсож, ярилцаж, тэднийг ойлгох, ярилцах, дагуулж хийж сургах байлаа. Тиймээс гар сургалтын аргад аав, ээж заавал суралцаж, хүүхэдтэйгээ ажиллах учиртай. Ээж аав үлгэрлэж, хүүхдийнхээ “толь” байснаар хүүхэд сайн боловсорно. Муу хүүхэд гэж байдаггүй. Ахуй, аж амьдрал л нөлөөлдөг юм. Гэрийнхний таагүй харилцаа, уур амьсгалаас болж л хүүхэд эмтэрдэг, эвдэрдэг. Энэ харилцаа эсрэгээрээ бол хүүхэд хөгжинө.