Монгол Улсад үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлсний 30 жилийн ойн түүхэн өдөр өчигдөр тохиов. Тодруулбал, манай улсын иргэд өмч хувьчлалын цэнхэр тасалбараар худалдан авсан хувьцаагаа 1995 оны наймдугаар сарын 28-нд бэлэн мөнгөөр арилжсан нь үнэт цаасны хоёрдогч зах зээлийн эхлэл болжээ. Улмаар “Монголын хөрөнгийн бирж”-ийн санхүүжилттэй 29 брокерын пүүсийг хувьчилж, брокер, дилерийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий, бие даасан хуулийн этгээд болгон өөрчилсөн аж.
Түүхэн ойн өдрөөр “Монголын хөрөнгийн бирж” ХХК, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо хамтран биржийн 7286 дахь арилжааг эхлүүлэх цан цохих ёслол зохион байгуулав.
Тус бирж энэ хугацаанд (наймдугаар сарын 27-ны байдлаар) зөвхөн хоёрдогч зах зээлийн арилжаагаар компанийн 4.7 сая ширхэг бондыг 476.5, Засгийн газрын 2.1 сая ширхэг үнэт цаасыг 211.4, Хөрөнгө оруулалтын сангийн 57.3 сая ширхэг нэгж эрхийг 23.9 тэрбум, 3.9 тэрбум ширхэг хувьцааг 1.7 их наяд төгрөгөөр арилжжээ. Мөн хөрөнгөөр баталгаажсан 830.5 мянган ширхэг үнэт цаасыг 61.6 тэрбум төгрөгөөр арилжсан байна. Ингэснээр дотоодын хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ нь 12 их наяд төгрөгт хүрчээ.
Н.Мишээл