Монголчууд “Холын хүнээс үг дуул”, “Явсан хүнээс үг сонс” хэмээн сургамжилдаг. Энэ нь хол, ойр явж хорвоогийн сонин сайхныг үзэж туулсан хүний үг хамгаас үнэтэй гэж үздэгтэй нь холбоотой. Нөгөөтээгүүр, ойрын асуудал бэрхшээлдээ нүд нь хаагдаж, чих нь бөглөрсөн бидний байр байдлыг холын хүн хамгийн сонор соргогоор гаднаас нь анзаарч, үнэлж дүгнэж чаддаг тул тэдний үг ямагт үнэ цэнтэй, үйл хэрэгт тустай, сонин содон байдаг. Сошиал платформууд хөгжиж, цахим орон зай өргөжин тэлэхийн хэрээр холын хүнээс үг дуулах боломж нөхцөл ч нэмэгдээд байна. Харин бид тэр болгоныг анзаарч, анхаарч, тусгаж авч чадаж байгаа юу гэвэл чамлалттай. Тиймээс энэ удаагийн “Тэд бидний тухай” буландаа манай оронд аялсан жуулчид, тэр дундаа нийгмийн сүлжээнд нөлөө бүхий хүмүүс Монгол орон, монголчуудын талаар юу өгүүлснийг хүргэхийг зорилоо. “Монголд зочлох жил” санаачилгатай холбоотойгоор манай орныг зорих жуулчдын тоо сүүлийн жилүүдэд эрс өссөн. Үүнийг дагаад Монгол орон олон улсын аялагчдын анхаарлын төвд ороод буй билээ.
Ажиллах хүчгүй улс
Фуркан Арас: -Би Монголыг Азийн хамгийн сэтгэл татам улсуудын нэг гэж үздэг. Ялангуяа аялахаар төлөвлөж буй хүмүүсийн хувьд тэнд үзэж харах зүйл олон. Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газар, Орхоны хөндий, Хонгорын элс, Ёлын ам зэрэг үзэсгэлэнтэй газруудад очих боломжтойгоос гадна монгол бөх, хурдан морины уралдаан, сур харваа зэрэг уламжлалт спортын төрлүүдийг үзүүлдэг наадам, монгол гэртэй танилцах боломжтой. Монголд аялахад хамгийн тохиромжтой цаг хугацаа нь 6-9 дүгээр сар. Говьд орших үзэсгэлэнт тогтоцтой Ёлын ам хэмээх сүрлэг уул зуны улиралд ч мөстэй байдаг.
Монголд аялахдаа сайн сайхан зүйл олныг олж харлаа. Монгол хүмүүсийн тусч, найрсаг байдлыг биширсэн. Мөн хүндрэлтэй асуудал цөөнгүй байгааг мэдлээ. Тус улсын хүн ам ердөө 3.5 сая. Маш цөөн гэсэн үг. Хүн ам багатай хэрнээ жигд бус суурьшилтай, ажиллах хүч хомс. Ажил, бизнес хийж баяжих, мөнгөжих боломж тэнд бага. Тиймээс шинэ үеийн залуусынх нь олонх гадаадад ажиллаж, амьдрах сонирхолтой болсон. 20-30 жилийн дараа гэхэд хүн ам нь улам цөөрч болзошгүй. 40-50 жилийн дараах Монгол Улсын нөхцөл байдлыг төсөөлөхөд хэцүү. Өмнөд, хойдхөршийнхөөэрхэдоржчмагадгүй. Хэн мэдэх билээ. Юу ч болж мэднэ. Монголчуудын ирээдүй нэг л бүрхэг санагдлаа. Уучлаарай, ингэж хэлж байгааг минь.
(Сүүлийн 10 жилд 50 гаруй улсаар аялсан турк залуу. “Crazy turkish” хэмээх нэрийн дор аяллын влог хөтөлдөг. Тэрбээр манай улсад 20 гаруй хоног саатжээ)
Хамгийн хүйтэн, бохир агаартай нийслэл
Ник Фишер: -Улаанбаатар. Энэ бол Монгол Улсын нийслэлийн нэр. Тус улсын хүн амын дийлэнх нь энд хамгийн харгис хатуу, өршөөлгүй нөхцөлд амьдарч байна. Улаанбаатар өвлийн улиралд дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотуудын тоонд байнга ордог гэдгийг та мэдэх үү. Энэ хот өвөлд дэлхийн хамгийн хүйтэн нийслэл болж хувирдгаас иргэд нь -40 хэмийн хүйтнийг тэсвэрлэх хэрэгтэй болж, олон хүн гэрээ дулаацуулахын тулд аргагүйн эрхэд нүүрс түлдэг. Улаанбаатар хотын хүн амын 50 хувь нь гэр хэмээх нэртэй түр сууцад амьдардаг. Ийм сууцад амьдрагсдын тэн хагас нь ядуу дорой байна. Гэр хорооллын бүс дэх ихэнх айл усаа гараар зөөдөг, стандартын шаардлага хангахгүй жорлон ашигладаг, гал түлэхээс өөрөөр гэрээ халаах боломжгүй. Гал түлж гэрээ дулаацуулдаг айлууд болон цахилгаан станцуудаас гарсан нүүрсний утаа униар агаар мандалд хуримтлагдаж, их хэмжээний бохирдол үүсгэдэг. Энэ хот маш их түгжрэлтэй. Богино зай туулахад ч хэдэн цаг зарцуулдаг. Хүүхэд төдийгүй насанд хүрэгчдийн дунд агаарын бохирдлоос шалтгаалсан өвчлөл өндөр. Тэд үүнээс болж олноороо өвддөг, эмнэлэгт хэвтдэг. Харамсалтай нь, тэдний зарим нь амьд үлдэж чаддаггүй.
Монголд байгаль орчны бохирдол хүлцэх стандартаас хэтэрсэн тул НҮБ-ын Хүүхдийн сан “хүүхдийн эрүүл мэндийн хямрал” ойртож байгааг өнгөрөгч хоёрдугаар сард анхааруулжээ. Тус улсад өвлийн улиралд ургийн эндэгдэл зунтай харьцуулахад 3.5 дахин өндөр гарсан нь агаарын бохирдол, амьгүй төрөлт хоёр шууд хамааралтайг харууллаа гэж мэргэжилтэн, судлаачид дүгнэсэн байна. Өөрөөр хэлбэл, Монголын хортой агаар ургийн өсөлт хөгжилд сөргөөр нөлөөлж, эхээс мэндэлж амжаагүй байхад нь устгах хэмжээнд хүрчээ. НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Алекс Хайкенс “Time” сэтгүүлд өгсөн өгсөн ярилцлагадаа “Хүмүүс ямар үр дагавар гарч болохыг харахыг, мэдэхийг хүсдэггүй. Бид үнэхээр Монголын талаар ярих цаг нь болсон. Тус улсын амын талаас илүү хувь нь эрсдэлд байна” гэсэн байдаг. Монгол бол хамгийн хүйтэн өвөл, бохир агаартай нийслэлтэй улс.
“Indigo traveller” хэмээх брэнд нэр, контентоороо дэлхий дахинд танигдсан Шинэ Зеланд Улсын аялагч. “Youtube”-т 1.99 сая дагагчтай. Тэрбээр энэ сарын эхээр манай улсад ирсэн бөгөөд Улаанбаатарын талаарх влогийг нь 756 мянга гаруй хүн үзжээ.
Улаанбаатарт аялахаар Солонгос дахь гэрээ санадаг
Франсуа Харрис: -Монгол бол миний аялах дуртай орон. Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг тооцохгүй бол шүү дээ. Би Монгол оронд аялахаар нийслэлд нь гурав дахь удаагаа очсон. Очих бүрдээ Улаанбаатар БНСУ-ын Сөүл хоттой ямар адилхан болж байгааг гайхдаг. Би орчлон ертөнцийг өөрөөр харж, дахин давтагдашгүй онцлог бүхий аж байдал, соёлтой танилцахаар янз бүрийн улс орноор аялдаг ч Монголд ирэхээр Солонгос дахь гэрээ маш их санадаг. Улаанбаатар яг л Сөүл шиг болж байна. Сөүлд байдаг CU, “GS25” сүлжээ дэлгүүр, солонгос хоолны ресторан энэ хотын хаа сайгүй таарна. Бүр дэлгүүрт худалдаж байгаа бараанууд нь ч адилхан. Солонгос хоол, амттанаар үйлчилдэг “Street food” ч энд тэндгүй бий болж. Хотын төвөөр хэсэгхэн хугацаанд явахад л солонгос жуулчид тээвэрлэдэг автобус буудлууд дээр хэд хэдээрээ зогсож байна. Солонгос соёлын нөлөө Монголд үнэхээр хүчтэй газар авч байгааг нүдээрээ харлаа.
Монголд анх ирэхдээ байгалийн сайхныг нь биширч, харсан бүх зүйлдээ сэтгэл хангалуун буцсан. Улаанбаатарт дурсгалт барилга, газруудаар баримжаалахгүй л бол амархан төөрчихдөг юм билээ. Тиймээс хаана, ямар дурсгалт барилга, байгууламж, газар байдгийг тогтоож, мэдсэнийхээ дараа юунд ч санаа зовохгүйгээр “тэнэсэн”. Та бүхэн Улаанбаатарт очихоор төлөвлөж байгаа бол аяллын компаниар зуучлуулаагүй, яаж явна аа гэж санаа зовох хэрэггүй. Учир нь Монголын үзэсгэлэнт нийслэлийн эргэн тойронд үзэж баясах зүйл олон бий.
(Америк гаралтай аялагч эр Өмнөд Солонгосын Сөүл хотод амьдардаг. Тэрбээр дэлхийн 30 орчим орноор аялжээ. Франсуа Харрис манай улсад гурав дахь удаагаа ирэхдээ Үндэсний их баяр наадам үзэх зорилготой байж. Гэвч Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт аялж явахдаа осолдож гэмтсэнээс эмнэлэгт хоёр долоо хоногийн хугацааг өнгөрүүлжээ)
Монголчууд бол маш халуун дулаан, найрсаг хүмүүс
“All terrain overlands”: -Монголд гурван долоо хоног аялахдаа хүмүүсийн халуун дулаан, найрсаг зан, соёлын баялаг дурсгалыг нь гайхан биширч, адал явдал дүүрэн байлаа. Монголын хөдөө сэтгэл хөдөлгөм үзэсгэлэнтэй, мартагдашгүй санагдсан. Дархан-Уул аймгаас Улаанбаатар хүртэл бүхэлдээ хурдны замтай, үүнийг дагаад асар том тариалангийн талбайнууд байсан. Монголд ирснээсээ хойш анх удаа ийм том тариалангийн талбай харсан нь сонирхол татлаа. Орхон аймагт Ази тивд хамгийн томд тооцогдох зэсийн уурхай харлаа. Энэ уурхайн олборлолтоос Монгол Улсын ДНБ-ий 13.5 хувийг бүрдүүлдэг юм байна. Домогт өгүүлснээр, өмнө нь тэнд хятад уурхайчид зэс олборлодог байж. Заримдаа тэнд хүчтэй салхи дэгдэж, аянга цахилгаан цахидаг байсан учраас Эрдэнэтийн овоог хүмүүс эртнээс тахидаг болжээ. Дархан-Уул аймаг дахь орон сууцын зарим барилга Сингапурын HDB загварын сууцуудыг санагдуулсан. Зочид буудлуудын ихэнх нь караокетэй байдаг юм билээ. Хотын аяллаас хамгийн сонирхол татам нь Гандантэгчэнлин хийд, “Чингис хаан” музей. Хийдийн гадаа очиход залбирлын хуралдаан, лам нарын дуу хослон сонсогдож байлаа. “Чингис хаан” музейд очсоноор Монголын төрт улсын түүхийг бүхэлд нь сонсож, Монголын эзэнт гүрэн нэг захаас нөгөө зах хүртэл хэрхэн сунаж тогтсоныг мэдэж авлаа. Бид энэ музейг үзэж дуусгахад багагүй цаг хугацаа зарцуулсан. Хустайн нуруунд нар жаргах үед очиж Пржевальскийн адуу (тахь), буга харсан. Монгол бол баялаг түүх соёлтой, аялахад уйдамгүй орон.
(Сингапураас Англид мотоциклоор хүрэх зорилготой Харен, Нерин хэмээх хоёр аялагч манай улсад энэ сард ирсэн юм. Тэд оverland буюу авто аялагчдад Монголыг хамгийн сайн сайхан талаас нь сурталчилж, хүлгийн жолоогоо нүүдэлчдийн нутаг руу залахыг уриалсан)