Монгол Улсын эрчим хүчний салбар олон сорилт, бэрхшээлтэй тулгарч байна. Одоо ажиллаж байгаа цахилгаан станцуудын хүчин чадал 1 ГВт орчим байгаа харин хэрэгцээ илүү өндөр ба цаашид өсөх хандлагатай байгаа билээ. 2030 он гэхэд 4 ГВт хүрнэ гэж мэргэжлтнүүд тооцоолжээ. Ирэх есдүгээр сарын 3-6-ны өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо болох Дорнын эдийн засгийн арав дахь удаагийн чуулга уулзалтын хүрээнд Монгол Улс ОХУ-тай эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар хэлэлцэх төлөвтэй байна.
Зарим хэвлэлд мэдээлснээр “манай улс цахилгаан эрчим хүчний хомсдолд үе үе орж, цахилгааны эх үүсвэрүүд нь ачааллаа дийлэхгүйд хүрээд байгаа”. Өнгөрсөн жил Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр бид хөршүүдтэйгээ эрчим хүчний салбарт хамтран ажиллах хэтийн төлөвийн талаар ярилцсан. 2023 онд Оросын “Интер-РАО-Экспорт”-ын ерөнхий захирал Максим Сергеев "бид энэ төслийн стратегийн түншээс гадна эрчим хүчний системийг хөгжүүлэх цогц төлөвлөгөөг санал болгож байна, мөн бид өөр хэд хэдэн төслийг хамтран хэрэгжүүлэх боломжтой, тэр тундаа “ДЦС-3” бол хэрэгжих боломжтой төсөл гэж үзэж байна” гэв.
Мөн тэрээр ДЦС-3-ын өргөтгөл, шинэчлэлийн төслийг онцлон тэмдэглэж, уг төслийг хэрэгжүүлэх явцад нийт 300 МВт хүчин чадалтай гурван шинэ турбин, гурван зуух суурилуулж, тус байгууламжийн нийт эрчим хүчний хүчин чадал 880 МВт болно гэв. Дашрамд дурдахад, Эрчим хүчний яамны Түлшний бодлого зохицуулалтын газрын дарга Л.Ичинхорлоо “ОХУ-тай эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны боломжийг өргөжүүлэх хэрэгтэй” гэж тэмдэглэв.
Энэ тухай талууд 2023 онд болсон Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр ярилцсан бөгөөд харин энэ жилийн чуулга уулзалтын хүрээнд манай улсын хувьд чухал төслүүдийн нэг болох бага хүчин чадалтай атомын цахилгаан станц барих асуудлыг хэлэлцэх нь дамжиггүй. Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр төслийн бүтээн байгуулалтын асуудлыг илүү нухацтай авч үзнэ гэсэн хүлээлт байна.
Манай хойд хөрш хилийн чанадад байгуулсан эрчим хүчний нэгжийн тоогоор дэлхийд тэргүүлэсэн хэвээр байгаа гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Монгол Улсаас гадна бусад улс орнууд бага хүчин чадалтай атомын цахилгаан станц барих сонирхолтой байгаа билээ.
Мөн талуудад сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах боломж байна. Оросын “En+” компани салхин цахилгаан станц суурилуулах, дулааны цахилгаан станцуудыг өргөжүүлэн шинэчлэх, усан цахилгаан станц барих боломжийг судлаж байгаа бөгөөд монголын тал энэ тухай ярилцах боломжтой.
Монголын төлөөлөгчид Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад тогтмол оролцдог бөгөөд энэ нь Ази, Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чухал платформ гэдгийг харуулж байна. Энэ жил тус арга хэмжээ "Алс Дорнод - 2030. Боломжийг бий болгож, хүчээ нэгтгэцгээе" сэдвийн дор болно.