Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний хагаст 36.1 их наяд төгрөгт хүрч, өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 9.4 их наяд төгрөгөөр буюу 35.7 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Үүний 21.6 хувь нь хүнсний бүтээгдэхүүний, 78.4 хувь нь хүнсний бус бүтээгдэхүүний борлуулалтын орлого аж. Нийт орлогын 46.4 хувийг бөөний, 53.6 хувийг жижиглэн худалдаанаас төвлөрүүлжээ.
Жижиглэн худалдааны борлуулалтын орлого оны эхний хагаст 19.3 их наяд төгрөг болж, өнгөрөгч оны үзүүлэлтээс 31.2 хувиар өссөн бол бөөнийх 16.8 их наяд төгрөгт хүрч, 41.2 хувиар нэмэгджээ. Хүнсний бүтээгдэхүүний бөөний болон жижиглэн худалдааны орлого өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 39.6 хувиар өсөн 7.8, хүнсний бус бүтээгдэхүүний бөөний болон жижиглэн худалдааных 34.6 хувиар нэмэгдэн 28.3 их наяд төгрөгт хүрчээ. Хүнсний бус бүтээгдэхүүний борлуулалтын өсөлтөд моторт тээврийн хэрэгслийн сэлбэг, эд ангийн худалдааны орлого 50.3, шатахууны бөөний худалдааных 41.5 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Бэлтгэсэн Н.Мишээл