БНСУ-ын Сөүл хотын Орчин үеийн дизайны холбооноос гурван жилд нэг удаа зохион байгуулдаг “Постер триенналь” 12 дахь удаагийн үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Монголд болох гэж байна. Үүний хүрээнд олон улсын уран бүтээлчдийн үзэсгэлэн, дизайны форум, оюутан залууст сургалт зохион байгуулах юм.
Энэ удаагийн арга хэмжээ “Урсгал” сэдвийн дор болох ба нийт 40 гаруй орны 330 уран бүтээлийн постерыг Монголын урчуудын эвлэлийн арт галерей, “Пассаж” төвд өнөөдрөөс 25 хүртэл дэлгэж, олон нийтэд толилуулах аж.
Харин дизайны форум 12-нд СУИС-ийн “Оюутан” театрт болох нь. Энэхүү форумд үндэсний брэнд дизайныг хэрхэн бий болгох чиглэлээр илтгэл тавихаар Солонгос улсаас дөрөв, Хятадаас нэг профессор өчигдөр манай улсад хүрэлцэн ирсэн гэнэ. Мөн оролцогчдод Монголын урчуудын эвлэл, СУИС, Сөүл хотын Орчин үеийн дизайны холбооноос сертификат олгох юм байна. Түүнчлэн контент бүтээх сургалтыг 13-нд СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургуульд зохион байгуулахаар болжээ.
Бэлтгэсэн Э.Жавзандулам