Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны долоодугаар сард улсын хэмжээнд өмнөх жилийн мөн үеийнхээс 5.5, оны эцсийнхээс 4.4, өнгөрөгч сарынхаас 0.1 хувиар өсжээ. Төрлөөр нь авч үзвэл хүнсний барааны бүлгийн үнэ 2023 оны долоодугаар сарынхаас 5.6, хүнсний бус барааных 5.4, үйлчилгээнийх 7.3 хувиар өссөн байна.
Өнгөрөгч оны мөн үед инфляц 9.2 хувьтай гарч байсан аж. Харин энэ оны долоодугаар сард 3.7 нэгжээр бууран 5.5 хувь болжээ. Инфляц буурахад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 1.9 нэгж буюу 34.5, мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 3.3 нэгж буюу 60.4 хувиар нөлөөлсөн байна.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеийнхээс 5.5 хувиар өсөхөд хүсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 5.6, хувцас, бөс бараа, гутлынх 6.1, гэр ахуйн тавилга, барааных 5.7, эм, тарианых 5.4, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээнийх 9.1, боловсролынх 16.8 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Бэлтгэсэн Н.Мишээл