АПУ ХК энэ оны эхний хагаст108 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласныг “Монголын хөрөнгийн бирж”-ээс мэдээллээ. Тус компани хагас жилийн үйл ажиллагааны тайлангаа өчигдөр олон нийтэд нээлттэй танилцуулсан аж. 2024 оны 1-6 дугаар сарын борлуулалтын орлого нь 649 тэрбум төгрөгт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 131 тэрбум буюу 25.2 хувиар өссөн дүн болжээ. Харин цэвэр ашиг нь 50 хувиар буюу 36 тэрбум төгрөгөөр өссөн байна. Энэ хугацаанд нийт 85 сая литр шингэн бүтээгдэхүүн борлуулсан нь өнгөрсөн оныхоос нэг сая литрээр буурсан дүн гэнэ. Нийт борлуулалтын орлогын хувь хэмжээ ийнхүү нэмэгдэхэд сүү, сүүн бүтээгдэхүүн, ус, ундааны борлуулалт, экспортын өсөлт болон тус компани 39 хувийг нь эзэмшдэг “Дижитал концепт”-ийн үйл ажиллагаа нөлөөлжээ.