Монгол, Германы уран бүтээлчид хамтран ХБНГУ-ын Дюссельдорф хотын “Күнстхаллэ Дюссельдорф” урлагийн музейд “Эх дэлхийгээ анагаахуй” үзэсгэлэнг дэлгээд байна. Уг үзэсгэлэнг “Күнстхаллэ Дюссельдорф” музейн захирал Грегор Янзен, “Соёл урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент зөвлөгөө” ТББ-ын тэргүүн, Монгол Улсын соёлын элч О.Оюунтуяа нар санаачлан, Монгол, Германы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулан зохион байгуулжээ.
Үзэсгэлэнд 18 уран бүтээлчийн 50 гаруй бүтээлийг толилуулаад буй аж. Тэдний 10 нь монгол уран бүтээлч юм. Тухайлбал, Монгол Улсын соёлын элч Ц.Ган-Эрдэнэ “Нутгийн зам”, зураач Г.Гэрэлхүү “Хэрээн нүд”, “Кей фараметр”, А.Очирболд “Жангар”, Б.Мөнхцэцэг “Аав, ээж, би”, “Инкубатор” зэрэг бүтээлээрээ оролцож байна.
“Эх дэлхийгээ анагаахуй” гэх нэр нь 1990 онд Ханновер хотод “Сэтгэлийн гүнд орших Монгол Улс” үзэсгэлэнг дэлгэж байсан Йозеф Бойс (1921-1986) хэмээх уран бүтээлчийн байгалийн баялгийн зүй бус ашиглалтаас үүдэлтэй хор уршиг болон барууны ертөнцөд тулгамдаж буй асуудлыг хөндсөн уран бүтээлүүдээс эхтэй гэнэ.
Уран бүтээлч Б.Мөнхцэцэг “Миний хувьд “Аав, ээж, би” бүтээлдээ эцэг, эхийн үр хүүхдээ хайрлах чин сэтгэл, амьдрал, ажилд сургах гайхамшигтай ур ухааныг шингээсэн бол “Инкубатор”-оор эх дэлхийгээ сүйтгэхийн оронд хайрлан хамгаалах санааг илэрхийлэхийг зорьсон. Харин Йозеф Бойс бол нүүдэлчдийн соёлыг уран бүтээлдээ түлхүү тусгаж ирсэн гайхалтай уран бүтээлч. Тиймдээ ч хүн, байгаль салшгүй холбоотой гэсэн санаан дор олон уран бүтээлчийг нэгтгэж чадлаа. Эртний түүхтэй энэ музейд үзэсгэлэнгээ гаргах нь уран бүтээлчдэд дэлхийд танигдах боломж” гэв.
“Эх дэлхийгээ анагаахуй” үзэсгэлэнг есдүгээр сарын 8 хүртэл толилуулах бөгөөд дараа нь “Чингис хаан” үндэсний музейд дэлгэх юм.
Бэлтгэсэн Э.Жавзандулам